Төрийн байгууллагын 66 үйлчилгээг цахим системд нэвтрүүлжээ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-28 08:40:12

Ховд /МОНЦАМЭ/. “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд e-mongolia.mn цахим системийг хэрэглэж эхэлснээс хойш улсын хэмжээнд 670 гаруй үйлчилгээг цахимжуулсан байна. 

Харин Ховд аймгийн тухайд мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нутгийн захиргааны 21 байгууллагын 66 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулж, e-mongolia нэгдсэн системд холбосны нээлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 27-нд зохион байгууллаа.   

Энэ үеэр e-mongolia нэгдсэн системээр дамжуулан төрийн үйлчилгээг хэрхэн,  яаж авах талаар зөвлөгөө мэдээлэл түгээв. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд цаг хугацаа, орон зай  хамаарахгүйгээр  www.e-mongolia.mn цахим хуудас  болон e-mongolia гар утасны аппликейшн ашиглан төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийж байгаа нэг ажил бол “Нэгдсэн цахим төв” байгуулсан явдал юм.  Энэ төвд 6 байгууллагын 10 мэргэжилтэн нэг сарын хугацаанд ажиллахдаа 2200 иргэнд 37 төрлийн үйлчилгээг нэг дороос цахимаар хүргэжээ.  Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулах ажил өргөжсөөр байна.   

Холбоотой мэдээ