Монгол Улс SpaceX компанитай санамж бичиг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-06-02 13:10:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ  SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Гвинн Шотвеллтэй өнөөдөр онлайнаар уулзалт хийжээ. 


Уулзалтаар Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн манай улсын талаас хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.  


Старлинк компанийн талаас Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатайг онцолжээ. Ингэхдээ тус компани газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг Монгол Улс гаргаж өгнө. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдана хэмээсэн байна. 


Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй "Цахим үндэстэн" бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгажээ. 


Мөн тус компани болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцжээ.


Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Холбоотой мэдээ