Н.Энхбаярыг яллагдагчаар татан байцаасан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-06 09:37:00

АТГ-ын алба хаагчид өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан авах, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан хэмээн мэдээлэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 05-нд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан. Уг үйлдлийг тус намын гишүүд дэмжигчид Н.Энхбаярыг баривчлах оролдлого хэмээн тайлбарласан юм. Үүний дараа АТГ өөрийн байрандаа албан ёсны тайлбар гаргажээ.

Уг тайлбарт, “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав” гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ