Н.Болорчимэг: Өөрийгөө үргэлж завгүй байлгаж, өдөр бүр өөрөөсөө шинэ хүнийг олж харахыг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-03 09:09:16

Төв /МОНЦАМЭ/ Өөрийн үндсэн мэргэжлийн зэрэгцээ олон төрлийн чадварыг эзэмшиж, сонирхол, хоббигоо хөгжүүлэн амьдардаг хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Түүний нэгэн үлгэр жишээ болох тэргүүлэх зэрэгтэй, Төв аймгийн “Хүмүүн цогцолбор сургууль”-ийн Англи хэлний багш Н.Болорчимэгтэй ярилцлаа.  


-Та багшлаад хэдэн жил болж байгаа вэ? Багшилж байх хугацаандаа хэдэн анги удирдаж төгсгөв? Анги удирдсан багш байхын онцлог зүйлсээс хуваалцвал?

-Төв аймгийн Хүмүүн цогцолбор дунд сургуульд Англи хэлний багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн мэргэжил маань багш биш Монгол, Англи хэл судлаач, орчуулагч байсан хэдий ч дадлагаа багшаар хийгээд багш болох хүсэл төрөөд ахин суралцаж багш болж байлаа. Энэ хугацаанд 2 анги төгсгөсөн.

Багш мэргэжлийн хамгийн сайхан нь анги төгсгөх  санагддаг. Анги дааж байж л жинхэнэ багш болдог юм шиг учир нь анги удирдах нь өөрийгөө илүү танин мэдэх, олон талаар хөгжүүлэхэд нөлөөлдөг. Өөрөөсөө өөр 32 хүнийг ойлгож, тэдний ертөнцийг таних явцдаа өөрийгөө маш ихээр ойлгож мэдэрдэг.

а өөрийн багшлах онцгой арга барилаасаа хуваалцвал?

-Хүүхдүүд сэтгэгдэл хэлэхдээ огт ялгадаггүй хүүхэд бүрийг сургах гэж их хичээдэг гэж хэлдэг. Иймд миний багшлах арга зүйн гол онцлог нь хүүхдийг яг байгаагаар нь хүлээж авдаг байж болох юм. Ихэвчлэн хүүхдүүд, эцэг эхчүүд, хамтран ажилладаг хүмүүсээс ирдэг сэтгэгдлээр өөрийгөө үнэлэх нь элбэг байдаг. Тэдний хэлж байгаагаар бүтээлч, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг гэдэг үгээр л их илэрхийлээд байдаг юм. Тэгэхээр нь бас яг энэ мөн чанарыг нь хадгалж үлдэх гэж их л хичээж өөрийгөө дайчилдаг.

-Мэргэжлээ солиод багш болоход тань чухал нөлөөлж байсан хүн бий юу? Багш болох хүслийг хамгийн их бадрааж байсан хүчин зүйл юу байсан бэ? Энэ үеийн сэтгэлээс тань гардаггүй дурсамж бий юу?

-Ер нь хүүхэдтэй ажиллах, хүнд туслах нь надад их сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг өгдөг гэдгийг мэдээд багш болохоор шийдсэн. Аав ээж хоёр минь багш болох итгэлийг минь дэмжиж, урамшуулж бүх зүйл дээр минь хамт байдаг байсан. Анги тохижуулах, хичээлийн хэрэгсэл бэлдэх гээд л аав, ээж маань тэтгэвэрийн зээл хүртэл авч байгаад бэлдэж өгдөг байсан Намайг багш болоход хамгийн их бахархаж байсан хүмүүс бол миний гэр бүл бөгөөд бүгд дэмжиж, урам өгч байсан учраас сайн багш байх ёстойг минь үргэлж сануулаад байдаг. Мөн миний ард бат зогсож байдаг хүн бол манай сургуулийн сургалтын менежер юм. Багшлах арга зүйг тэр хүнээс л сурч авсан одоо ч суралцсаар байна.

Хэзээ ч мартагддаггүй нэг дурсамж байдаг. Анхны ангиа авахад аав ээж маань өвлийн өвгөн болоод гэртээ ширээ засаад бүгдийг нь буюу 32 хүүхдийг гэртээ урьж байсан. Жинхэнэ бужигнаан болох байх гэсэн чинь ямар дэг журамтай байсан гэж санана. Бүх хүүхэд авьяасаа үзүүлээд өвлийн өвгөнөөс бэлгээ авч байгаа бичлэг байдаг. Түүнээс хойш шинэ жил болгоноор ангийнхан маань гэрт ирж багшаараа хоол хийлгүүлж иддэг болсон, бас жил бүр зуслан явдаг байлаа. Нэг бүлэг үүсгээд явчихдаг яг энэ л үед хүүхэд багштайгаа маш сайн ойлголцож ойр болж багшийн хувьд тэднийгээ таних боломж олддог байсан. Энэ бүгдэд гэрийнхэн минь их дэмжлэг үзүүлдэг байж билээ. Урлагийн үзлэг болохоор өөрийгөө илэрхийлж чадахгүй бүжиглэх хүсэлтэй хүүхэд үлдчихвий гэж бодоод ангийнхантайгаа хамт бүгдээрээ бүжиглэдэг, харин ээж аав хоёр маань бүжгийн хувцсыг урлаж өгдөг байсан нь мэргэжлээ сонгосондоо эргэлзэх шаардлагагүй болтол тулах хүч болж байсан.

-Таныг хүссэн ажлаа хийхэд нөлөөлсөн гэр бүлийнхнийхээ тухай яривал?

-Аав ээж маань хоёулаа Төв аймгийн уугуул хүмүүс. Би 4 эгч, 2 ахтай. 6 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд нь болж Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Аав ээж хоёр маань насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Аав маань их гарын ур дүйтэй юмхнаар юм хийдэг их авьяастай хүн байсан болохоор аавыгаа дуурайсан гэж боддог. Тэгээд ч аав минь охиноо тэнгэрийн орноос хараад бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байдаг болохоор илүү их хичээх хүсэл төрдөг. Намайг сайн багш болгох чин хүсэлтэй хүн байсан, иймдээ ч би өөрөө сайн хүний хүүхэд сайн л явах ёстой юм шиг санаж үргэлж өөртөө шалгуур тавьж зоригжуулдаг.

-Хүүхдийн хүмүүжил төлөвшилд багшийн үүрэг нөлөө ямар түвшинд байдаг гэж боддог вэ?

-Мэдээж хүүхдийн хүмүүжлийн суурь бол гэр бүлийн хүмүүжил гэдэгтэй санал нийлдэгн Гэхдээ нийгмээсээ өөрийгөө хөгжүүлж болдгийн тод жишээ их байдаг нь багш хүн бас хүүхдийг нээж хөгжүүлж болох юм гэдгийг харуулж байгаа байх. Би шавь нараа эхлээд зөв хүн болох хэрэгтэй л гэж их захих дуртай. Зөв хүн байхад чи өөрийгөө амжилт руу дагуулах болно гэж их хэлдэг.

-Өөрийн болон шавь нарынхаа томоохон амжилтуудаас дурдвал?

-Анхны ангитайгаа аймгийн сайн хичээлд хоёр удаа түрүүлж, улсын сайн хичээлд оролцон, улсын сайн хичээлийн номд багтаж байлаа. Тэгээд Бүгд Найрамдах Солонгос Улсын сургуульд багш солилцоогоор явах эрхээр шагнуулж 3 сарын хугацаанд тэндээ англи хэл заагаад ирсэн. Ангийн сурагчдын ололт амжилтын тайланг цаасаар эвхмэл бүтээлээр хийн, аймгийн брэндээр шалгарч Засаг даргын жуух бичгээр шагнуулж байлаа. Хоёр дахь ангитайгаа мөн аймгийн интеграци уралдаанд орж нэгдүгээр байр эзэлсэн амжилт гаргасан. Хүүхдүүдийн минь хувьд мөн л урлаг, сурлагын олон амжилт гарган төгсөж байсан.  Одоо хүүхдүүдээ бүгд мэргэжлээ сонгоод их сургуульд сурч байгааг нь харахаар тэднээрээ бахархахын зэрэгцээ өөрөөрөө бахархах сэтгэл бас цухалздаг. Мөн өөрийнхөө алдсан алдааг хүүхдүүдээрээ хийлгэхгүйн тулд мэргэжил сонголт дээр нь их ажилласан гэж бодож байна.

-Өсвөр насны хүүхдүүдтэй ажиллана гэдэг зарим талаараа асуудал ихтэй байдаг байх. Сэтгэл санааны байдалтай нь хэрхэн тулж харилцдаг вэ? Одоогоор аймгийн сургуулиудад сэтгэл зүйч байхгүй байгаа шүү дээ?

-Хүүхдүүд маань багшаа та сэтгэлзүйч болооч гэж их хэлдэг, энэ үгээр нь би өөрийгөө бас хаана явж байгаагаа мэдэрдэг. Би хүүхэд байж үзсэн, хүүхдүүд маань том хүн байж үзээгүй гэдэг үгийг үргэлж санаж явдаг болохоор аль болох хэцүү үед нь ганцаардуулахгүйн тулд ярилцахыг их хичээдэг, заримдаа ч цаг зав болдоггүй үе байдаг. Хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад үнэхээр багштайгаа ярилцахыг хүсвэл өдөр цагаа товлоод ярилцъя гэхэд их баяртай хүлээж авдаг. Хүүхдийн ертөнц өөрөө их гэгээлэг, ярилцах үедээ би бас тэднээс суралцдаг. Ангийнхаа хүүхдүүдэд бол сэтгэл зүйч байж чадаж байна гэж боддог байсан ч сүүлийн үед сэтгэл зүйч танил дүүтэй болсноор түүнээс тусламж хүсдэг болсон. Хүүхдүүд одоо их сэтгэлийн дархлаагүй болчихсон энэ үед томчууд бид л хүлээцтэй байж ярилцах нь чухал санагддаг.

-Боловсролын шинэлэг тогтолцоогоор хүүхдүүдийн сурлагын дүн хамаагүй гэсэн боловч энэ нь хэр бодитой байдаг гэж бодож байна вэ?

-Боловсрол мэдлэгийг хэмжих нэг том хэмжигдэхүүн бол дүн гэж хардаг. Аливаа зүйл сайнтай муутай байдаг шиг чухал гэж үзэх тал ч байна эсрэгээрээ ч байж болно. Гэхдээ аливаа зүйлд тогтсон хэмжүүр түүнд хүрэх шалгуур байж амжилтын их багыг дэнслэх байх гэж боддог. Дүн чухал гэж байгаа юм биш ч чухал биш ч гэж хэлж болохгүй. Зүгээр л хүүхдийн мэдлэг чадварыг хэмжих хэмжигдэхүүн гэж хардаг, тиймдээ ч дүнг бодит үнэн зөв байх тал дээр л анхаарна уу гэхээс яг голчлон дүн дээр анхаарахаас илүү сурагчдын чадвар мэдлэгт анхаарахыг их хичээдэг.

-Таны хувьд Багш хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Багш хүн гэхээс илүү чиглүүлэгч гэж хэлэх их дуртай. Бид хүүхдэд тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн ухагдахууныг хүчээр суулгахаас илүүтэй хүүхдүүд өөрсдөө ухаж ойлгох чадварыг олгох, түүн рүү чиглүүлэх хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Мэдлэг 100 хувь өгөхөөс илүү мэдлэгийн үнэ цэн, түүнийг өөрөө яаж бүтээх тал дээр нь ажиллах нь зүйтэй юм шиг санагддаг болохоор тэгж ажиллахыг мөн эрмэлздэг.

урагчдадаа үргэлж захиж хэлдэг үг?

-Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай, чадварлаг зөв хүн байгаарай л гэж их хэлдэг.

-Багш хүн 1000 мэргэжлийн эзэн гэдэг. Таны хувьд энэ үгтэй дүйцэхүйц их чадварыг хөгжүүлж яваа гэж сонссон. Өөрийн сонирхлоороо хөгжүүлдэг зүйлсээсээ хуваалцвал?

-Ганц бие болоод ч тэр үү өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр өөртөө цаг зав гаргахыг их хичээдэг, түүнээсээ сэтгэлийн таашаалыг авч чаддаг. Миний хувьд хувцас оёх дуртай, ер нь болж өгвөл өмсөх хувцсаа өөрөө оёоод өмсчих сонирхолтой. Эгч маань загварын өндөр мэдрэмжтэй учраас эгч загвараа бодоод ээж бид гурав ярилцаж байгаад л оёж шидээд өөрсдийгөө гоёчихдог байсан бол одоо бүүр захиалга авдаг болсон. Нэг найзынхаа хуримын гэрчийн хувцсыг оёж өгч талархал хүртээд ихэд урам орсон. Ковидын нөхцөл байдал надад их эерэгээр нөлөөлсөн. Учир нь тухайн хөл хорионы үед бялуу, лаа хийж сурсан.


Мөн анх Венус иогийн багш Ариунзаяагаас иог сураад бүр дурлаж хийдэг зүйлтэй болсон. Тэгээд ажлын багш нартаа иогийн хичээлийг үнэ төлбөргүй зааж, 23 сурагчтай болж хоёр ч удаа тэмцээнд ороод шагнал авсан. Иогт дурлах явцдаа лаа хийж сурсан, мөн Бүгд найрамдах Солонгос улсад багш солилцоогоор ажиллаж байх үедээ цаасаар эвхмэл бүтээл хийх сургалт бас ордог байлаа. Тайлангаа ч эвхмэл бүтээлээр тавьдаг, ер нь ингээд завтай байгаа үедээ аль болох өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийхийг их хүсдэг.

-Нууц биш бол ойрын хугацаанд шинээр сурч болон туршиж үзэхийг эрмэлзэж буй зүйлсээсээ хуваалцвал? Таны ярилцлагыг уншаад хэн нэгэн урам зориг авах байх гэдэгт итгэлтэй байна?

-Хүн хийх юмгүй байх тусмаа ганцаардаж, Чадах юмгүй байгаагаа мэдрэх тусмаа өөрийгөө гаргуунд хаяж, Сонирхлоо олохгүй байх тусмаа өөрийгөө танихаа байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор өөрийгөө үргэлж завгүй байлгаж өдөр бүр өөрөөсөө шинэ хүнийг олж харахыг хичээж амьдардаг маань амьдралыг их утга учиртай болгодог юм шиг санагдсан. Хүмүүст хэлэхэд та уйдаад байвал, ганцаардаад байвал, чадахгүй юм шиг санагдаад байвал та өөртэйгөө нэг сайн ярилцаад үзээрэй. Та одоо болтол өөрийгөө таньж мэдээгүй ч байж болно. Иймд жинхэнэ “Би”-ээ олохын тулд өөрийнхөө давуу талыг хайх эрэлд гарах нь зөв байх. Миний хувьд одоо сэтгэл судлалаар гүнзгийрүүлэн суралцах бодолтой байна. Бас нэг том зорилго өвөртөлсөн байгаа гэхдээ одоохондоо нууц хэвээр нь үлдээж байгаа, зорилгоо биелүүлэх тэр мөчдөө бахархалтайгаар хэлэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ