АН-ын бүлэг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-06 12:54:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.


Хууль, шүүхийн өмнө бүх иргэн тэгш эрхтэй байх ёстой. Гэвч иргэд тэр дундаа орон нутгийн иргэд хууль зүйн туслалцааг тэгш авч чадахгүй байгааг тус бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо. Тиймээс хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах зорилготой Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АН-ын бүлэг дэмжиж байгаа аж.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэвч эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо тун бага байгаа бөгөөд төр бүх бизнест оролцож байна. Тухайлбал, улсын төсвийн нийт орлогын 90 гаруй хувь уул уурхайгаас орж ирдэг. Уул уурхайн орлогын дийлэнхийг “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлдэг. Үүнээс эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо байхгүй болж, устах аюултай болж байна. Тодруулбал, 2019 онд төрийн өмчит компаниуд төсөвт 9.7 их наяд төгрөгийн орлого оруулж, 7.6 их наяд төгрөгийн зарлага гаргасан бөгөөд 4.2 их наяд төгрөгийн өртэй болсон байна. Тэгэхээр бид хувийн хэвшлээ дэмжихгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжинө гэдэг хүндрэлтэй. Тиймээс төрийн өмчит компаниудын 40 их наяд төгрөгийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, цалин орлогыг нарийвлан задалж, хянана. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод томоохон ордуудын 10 хувийг нээлттэй хувьцаа болгоно гэж заасан. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлүүлэхийг АН-ын бүлэг шаардах болно” гэлээ.

Холбоотой мэдээ