Монголын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-09 08:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглолтын чухал гараанд өрсөлдөж  буй Монголын шигшээ баг лхагва гарагт ОУХБХ-ны чансаагаар 100 дугаарт бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглов.


Монголын хөлбөмбөгийн энэ цаг үеийн шигшээ багийн залуус Палестины багийн эсрэг хүчтэй тэмцэл үзүүлж эн тэнцүү байж чадлаа. Харин 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоос гоол алдаж харамсалтай хожигдол хүлээлээ.



Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд О.Оюунбаатар, О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Г.Билгүүн гэсэн 4 хамгаалагч үүргээ үнэхээр гайхалтай сайн гүйцэтгэсний зэрэгцээ хаалгач Э.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгч багийн олон цохилтыг хамгаалж байсныг онцлох ёстой.


Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өнөөдөр Г.Бат-Оргил, М.Төгөлдөр, Б.Балжинням гэсэн залуу тоглогчидтой дундын шугамыг хариуцан хамгаалалт, довтолгоог дасгалжуулагчийн хүссэнээр тэнцвэржүүлж тоглосон юм.


Довтолгоонд Европт тоглодог мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаяр, шигшээ багийн төлөөх эхний тоглолтдоо оролцож буй Б.Намсрайтай хослон тоглов.


Түүнчлэн гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн Б.Намсрайгаас гадна сэлгээгээр талбайд гарсан Х.Тайванхүү, П.Ууганбаяр, Ж.Цогт-Очир, Т.Дөлгөөн нар үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтдоо амжилттай оролцлоо.




Дэлхийн чансаагаараа Монголоос 86 байраар өмнө жагсаж яваа Палестины шигшээд түрүүлж гоол алдахгүй байх нь Монголын багийн эн тэргүүний зорилт байж хамгаалалтдаа онцлон анхаарч тоглов. Шигшээ багийнханы энэ тактик амжилттай хэрэгжиж 0:0-ээр тэнцэж явсан ч шүүгч эгзэгтэй мөчид торгуулийн цохилтыг эсрэг багт өгсөнийг Португалийн дээд лигт тоглодог Одай Дабба амжилттай гүйцэтгэж Палестиний шигшээ баг ус агаар мэт гурван оноог авч чадлаа. 



Манай шигшээ баг дараагийн тоглолтоо 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас Филлипиний багтай хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжихийг уриалж байна.



Холбоотой мэдээ