УУХҮЯ: Красноярскийн үйлдвэрлэгчидтэй судалгаа шинжилгээний хүрээнд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-09 10:29:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-ын Красноярскийн хязгаарын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайд А.А.Ананьев тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд зочид бүс нутгийнхаа байгалийн баялаг, үйлдвэрийн салбарын талаар танилцуулж, харилцан хамтран ажиллах боломж бүхий салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, геологи хайгуул, аж үйлдвэр, эрчим хүч, цахилгаан, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерчлэл, барилгын материал үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон түүхий эдийн экспорт давамгайлсан Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.




ОХУ-ын Красноярскийн хязгаарын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайд А.А.Ананьевын танилцуулснаар Красноярскийн хязгаар нь 80 төрөл зүйлийн ашигт малтмалын нөөцтэй аж. ОХУ-ын:

  • хүрэн нүүрсний нийт нөөцийн 70 хувь,
  • зэсийн нөөцийн 20 хувь нь тус бүсэд байршдаг,
  • никелийн 80 хувийг үйлдвэрлэж,
  • алтны 20 хувийг олборлодог.

Тус муж газрын тос боловсруулах үйлдвэр болон 5 УЦС-тай, өөрийн хэрэглээнээс давсан эрчим хүч үйлдвэрлэдэг, хөнгөн цагааны 2 үйлдвэртэй ба ОХУ-ын нийт үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг, өнгөт метал үйлдвэрийн чиглэлээр тэргүүлдэг томоохон бүс нутаг аж.  

Уулзалтын үр дүнд талууд геологи хайгуул, аж үйлдвэр, эрчим хүч, цахилгаан, тоног төхөөрөмж, инженерчлэл, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага солилцох, судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар боллоо.

ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн төлөөлөл тус мужийн амбан захирагч А.В.Уссын манай улсад хийж буй айлчлалын хүрээнд ирээд байгаа юм. 

Холбоотой мэдээ