Н.Мандуул: “Самурай” бондын эргэн төлөлтийн 240 сая ам.доллар нь шийдвэрлэгдэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-16 16:48:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцын өрийг барагдуулахаас өчигдрийн байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Өнөөдөр нэг зээлдэгч 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байна. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж буйг тус банкны удирдлагаас өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр мэдээлэв. Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.




-“Самурай” бондын 30 тэрбум иенийн төлбөрийг энэ онд багтаан төлөх хэр боломжтой байгаа вэ?

-Иенийн ханш суларч буйгаар тооцоход энэ нь ойролцоогоор 240 сая ам.доллар болж байгаа. Энэ бол тусдаа дансандаа байршуулах байдлаар эргэн төлөлтөө хангах байдлаар зохицуулаад, хугацаанаас нь өмнө төлөх боломжтой тоо. Ийм байдлаар бид ажиллаж байна. Засгийн газраас ч тэр урьдчилсан байдлаар зохицуулж, хэлэлцээр хийх байдлаар төлөх үүрэг чиглэл өгөөд байгааг та бүхэн мэднэ. Бид тухайн бонд гарч байсан үеийн Японы 2 андеррайтер банктай яриа хэлцлээ эхлүүлсэн байгаа. “Самурай” бондын онцлог нь зөвхөн Японы зах зээлд борлогдсон, хөрөнгө оруулагч нар нь бүгд япончууд байгаа.

Японы хөрөнгийн зах зээл нь Америкийн болон олон улсын бусад зах зээлээс ялгаатай тал нь хөрөнгө оруулагч нар нь үнэт цаасаа хугацааг нь дуустал барьж байдаг. Бид андеррайтерийн банкуудаар нь дамжуулан бүх хөрөнгө оруулагч нартай ярилцан саналаа тавиад явж байгаа. “Самурай” бонд нэг талаас Монгол Улсын Засгийн газрын, нөгөө талаас Японы хөрөнгө оруулалтын агентлаг нь баталгаа бичээд өгсөн, хоёр талаасаа баталгаатай юм.

Харин ирэх оны 10 дугаар сард хугацаа нь дуусах, Хөгжлийн банкны өөрөө гаргасан 500 сая ам.долларын бонд нь Засгийн газрын баталгаагүй, олон улсын зах зээлд нээлттэй арилжиж байгаа.  Японы зах зээлд гарсантай харьцуулахад  өөр бонд юм. Энэ бондыг бид дахин санхүүжилт хийх зарим хэсгийг эргэн төлөх байдлаар зохицуулаад явах бүрэн боломжтой гэж харж байгаа.




Зээлийн эргэн төлөлтийн 96 хувийг хувийн хэвшлийн ААН-үүд, 4 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна.





-Өр зээл ихтэй байгаа нөхцөлд Хөгжлийн банк “Амгалан” ДЦС зэрэг Төрийн өмчит компанийн томоохон төслийг дахин санхүүжүүлж байгаа нь хир оновчтой вэ?

-Цахилгаан станцын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 66.6 тэрбум юм. Төслийн санхүүжилтийн 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгоно. Төслийн санхүүжилтийн эх үүсвэр бэлэн.  Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Манай банк “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих хүрээнд улс орны амин чухал асуудалтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрт оролцоно гэсэн чиг шугам баримталж байна. Ингэхдээ банкны эх үүсвэртэй уялдуулж, санхүүгийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ гэв.

 



Тэрбээр цааш хэлэхдээ, “Бид одоо ЭКСИМ банк болохоор бэлтгэлээ хангаад явж байна. Мэдээж бид ийм банк болж ажиллах ёстой. Гэхдээ юуны  өмнө үүсээд байгаа асуудлаа шийдэж байж дараагийн үйл ажиллагаандаа орохгүй бол болохгүй. Банкны хуулиа өөрчлөх ёстой. Энэ бол зайлшгүй хийх учиртай. Бид хуулийн өөрчлөлтийг хүлээлгүйгээр банкандаа зөв зүйтэй механизмыг бүрдүүлж нэвтрүүлж, нутагшуулахаар ажиллаж байна.

Хяналтын үйл ажиллагааг сайжруулж байгаа. Компани, ААН-үүд, ялангуяа төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой. Ил тод байдлыг хангаж олон нийтийн хяналтад байх нь аль ч талаасаа чухал. Ингэж байж хяналт тавигдана. Өмнө нь хяналтгүй явж ирсэн байдал бий.

2017-2018 онд зээлийн гүйцэтгэл, байдал гайгүй явж байгаад 2019 оноос муудсан байдаг. Үүнд тус банкны үйл ажиллагаа, зээл авсан компаниудын талаар гаргаж байсан төр, засгийн судалгаа, тооцоогүй, тогтворгүй тогтоол, шийдвэр нөлөөлж ирсэн гээд их хэмжээний зээлийн өртэй байгаа ТОСК ТӨҮГ, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн өмчит компаниудын жишээг хэлж байв.




Банкны үйл ажиллагааны  үндсэн 3 процесс байгаа.  “Нэгд, эх үүсвэр босгох, Хоёрт, босгосон эх үүсвэрээр зээл олгох, эцэст нь олгосон зээлээ хянаж эргэн төлөлтөө бүрдүүлэх гэсэн зорилго, төлөвлөлттэй ажиллаж буй”-г тодотголоо. Дээрх үйл явцаас дүгнэж үзэхэд өнгөрсөн 11 жилийн хугацаанд эх үүсвэрээ босгох тал дээр дажгүй баг бүрдэн, энэ ажлаа сайн хийж ирж. Гэтэл зээл олгох болон араас нь хянаж эргэн төлүүлэх нөгөө хоёр үйл ажиллагаа нь доголдож учир дутагдалтай, хаягдаж явж ирсэн гэж үзэж буйгаа хэллээ. 

Холбоотой мэдээ