Бичил уурхайн үйл ажиллагааг дахин албажуулах талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-17 14:52:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос өнөөдөр “Бичил уурхай-бодит шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг “Премиум” зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дээрх холбооны удирдлага, гишүүд болон “Planet GOLD” төслийн төлөөлөл, сэтгүүлчид оролцлоо. Хэлэлцүүлгийн талаар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн нөхөрлөлийг үүсгэн байгуулсан О.Цэцэгмаагаас тодруулав.


-Яг одоо та бүхэнд ямар асуудал тулгараад байна. Яагаад та бүхний үйл ажиллагааг дахин албажуулах шаардлага гарав?

-Бид бичил уурхайн үйл ажиллагааны талаар Засгийн газраас 2019 онд гаргасан 355 дугаар тогтоолыг тууштай, тогтвортой хэрэгжүүлээч гэсэн саналыг төр, засгийн шат шатанд тавьж байна. Уг тогтоолд уг нь 2019 оноос өмнө байгуулсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа хэвийн явуулах заалттай юм. Гэтэл доороо, орон нутагт дээрх тогтоолыг аймаг, сумын, доод шатны удирдлага завхруулж бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хэрэв бичил уурхайг ажиллуулахгүй бол аймаг, сумын Засаг дарга нар тэднийг бүртгэж ажлын байраар хангах заалт нь хүртэл байгаа юм. Аль алиныг шат шатандаа хэрэгжүүлэхгүй байна.


-Та бүхний үйл ажиллагааг дахин албажуулах гарц юу байна?

-Бичил уурхайн талаар 2017 онд гарсан Засгийн газрын 151 дүгээр тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Дээрх тогтоолын дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” гарч хэрэгжиж ирсэн. Түүнээс хойш 2019 онд гарсан 355 дугаар тогтоолоор эрх мэдэлтнүүд халхавч хийгээд бидний үйл ажиллагааг зогсоочихоод байна. Уг тогтоолоор бичил уурхайн үйл ажиллагааны журмыг шинэчлэх хэрэгтэй байна, тэр болтол шинээр нөхөрлөл байгуулахгүй, газар олгохгүй, дүгнэлт гаргахгүй л гэсэн юм. Гэтэл үүгээр халхавч хийгээд өмнө нь байгуулан үйл ажиллагаа нь цэгцэрсэн нөхөрлөлүүдийг хоморголон нам зогсоочихоод байгааг л бид эсэргүүцэж, бичил уурхайн үйл ажиллагааг “дахин” албажуулаач гэсэн санал тавьж, энэ талаар өнөөдөр хэлэлцэж байна.


Уг нь бичил уурхай эрхлэгч нарт ашиглаарай гэж орон нутгаас өгч буй, дүгнэлт гаргаж буй талбайнууд нь эвдэгдсэн, эдийн засгийн үр ашиггүй нь тогтоогдсон, эзэн холбогдогч нь байхгүй болсон байдаг юм. Тэнд нь бид хууль ёсоор ажиллаж, амьжиргаагаа залгуулж, жаахан атугай дээшлүүлэх гэж, бусдад, төр, засагт дараа болохгүйг хичээж, орон нутагтаа дэм болох гэж, байгаль орчноо хамгаалан, хариуцлагатай ажиллаж ирсэн. Манай улсад өмнө хэрэгжсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд маш их газар эвдэгдсэн. Үүнээсээ төр, засаг, орон нутаг одоо санамж авахаар болсон гэв.

 Өнөөдөр уул уурхай хөгжиж буй цагт бичил уурхай байх ёстой. Хэрэв байхгүй, хэрэггүй гэж үзэж буй бол иргэдээ ажилтай болго гэсэн санал тавьж байна.


Тэрбээр анх 2008 онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд эвлэлдэн нэгдэж, Дархан-Уул аймагт “Буянтын хөндий” ТББ байгуулж, үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж ирснээ тодотгож байлаа. Тэр үед Засгийн газрын “Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” гэсэн 72 дугаар түр журам гарч байж. Ингэснээр бичил уурхайн үйл ажиллагаа манай улсад анх албажиж эхэлснийг тодотгож байв.


Өнөөдрийн хэлэлцүүлгийг Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд нээж, холбооны зөвлөх Г.Мөнхцэцэг “Бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, бичил уурхайн талаарх гаргасан, дээр дурдсан хууль, журам хэрэгжихгүй байгааг хяналт, хариуцлага суларсантай холбон тайлбарлаж бөайлаа. Жишээ нь, бичил уурхайд олгох газрын дүгнэлтийг олон шат дамжлагаар явуулан удаан гаргадаг зэрэг олон хүчин зүйл бичил уурхайг зогсооход нөлөөлж буйг онцолж байв.



Хэлэлцүүлгээр олон улсын “Planet GOLD” төслийн мэргэжилтэн Д.Хишгээ төслийнхөө үйл ажиллагаа, Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой эхлүүлээд буй хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм. Тодруулбал, тус төсөл алт олборлолт дахь мөнгөн усны ялгарлыг багасгаж халах талаар бичил уурхайч нарт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Planet GOLD” олон улсын байгууллагыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр голлон удирдаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Байгаль хамгаалах олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр төслүүдээ хэрэгжүүлдэг байна.





 

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ