Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 398 жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-20 16:36:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ"  уриатай урьдчилан сэргийлэх нэгдсэн аяны нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга Д.Даваадорж, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Г.Болдбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэ-Очир, Авто тээврийн газрын дарга С.Гантулга нар албаны бусад хүмүүсийн хамт оролцлоо. 

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөнд авто тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон талт нөлөөллийн аян, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгаж оруулсан. Үүний хүрээнд цагдаагийн алба хаагчдад албан үүргээ гүйцэтгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд нэн шаардлагатай хурд хэмжигч, согтуурал шалгагч тандагч багажийг гардуулан өгсөн тухай ИТХ-ын дарга Д.Даваадорж онцлон хэлсэн юм.

Энэхүү аян гурван сарын турш үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн ажил, зам тээврийн хяналтыг сайжруулан, улсын болон орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогчдод тогтмол хяналт шалгалт тавих тухай холбогдох албанаас мэдээлэв. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд гарч байгаа ослын шалтгааны дийлэнх шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд дийлэнх нь хөдөө орон нутгийн замд гарч байна. Тодруулбал, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа тээврийн дүрэм зөрчих,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол гарч байгаа юм. Эдгээрээс хамгийн түгээмэл гарч буй осол бол мотоциклийг согтуугаар, хяналтгүй зам дээр жолоодсоноос осолдож байна. 2022 он гарсаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, осол, гэмтлийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч сүүлийн таван жилээр авч үзвэл өсөлттэй байгаа. Энэ оны эхний зургаан сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 398 жолооч эрхээ хасуулаад байгаа тухай Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ