С.Лара: Бичил бизнес эрхлэгчдэд нийтдээ 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-22 14:27:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд Баян-Өлгий аймагт 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хуваарилсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн төслийг хүлээн авах ажлыг явуулж байгаатай холбогдуулан аймгийн ХХААГ-ын Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Ларагаас зарим зүйлийг тодрууллаа.


- ЖДҮХС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг баталсан байдаг. Тус журмын дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төслийг 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс долдугаар сарын 6-ны өдөр хүртэл хүлээн авч байгаа. Энэ жилийн онцлог бол төслийг зөвхөн цахимаар хүлээж авна. Хөнгөлөлттэй зээлийн зориулалт нь үндсэн хөрөнгө оруулалт байх бөгөөд 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай байна. Мөн зээлийн үндсэн төлбөрөөс 12 хүртэл сарын хугацаагаар чөлөөлөгдөх юм.


- Зээлийг ямар салбарын төслүүдэд олгох вэ?

- Зээл олгох үндсэн 9 салбар байгаа. Тодруулж хэлбэл:

    • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
    • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
    • Хүнсний зоорь, агуулах;
    • Эрчимжсэн мал аж ахуй;
    • Гахай, тахиа, зөгийн аж ахуй;
    • Хүлэмжийн аж ахуй, мод, жимс, хүнсний ногооны үрсэлгээ;
    • Модон шахмал хавтангийн үйлдвэр;
    • Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр;
    • Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн чиглэлийн төслүүдийг хүлээж авна.

- Хувиараа бизнес эрхлэгч иргэд тухайн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?

- 2019 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар зөвхөн аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэдэг болсон. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэж 3 ангилдаг. Энэ жилийн хувьд хөнгөлөлттэй зээлийг 1-9 хүртэл ажилчинтай, 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бичил бизнес эрхлэгчдэд олгоно. Ингэхдээ борлуулалтын орлогыг харгалзан үзэх юм. Тухайлбал, 100 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 100 сая төгрөг хүртэл зээлийн хүсэлт гаргана гэсэн үг.


- Борлуулалтын орлого нь 300 саяас дээш аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой юу?

- 300 саяас 2,5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, эсвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд биш, арилжааны банкуудад хандаж Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-гийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах ІІ үе шаттай төслөөс 20-800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой. Тус зээл нь 6 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай бөгөөд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ХААН, Хас, Голомт, Капитрон, Төрийн банканд хүссэн үедээ хандаж зээл авах боломж нээлттэй байгаа.


- Зээл авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд төслөө хаана бүртгүүлэх вэ?

- Аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлт, холбогдох бичиг баримтуудаа долдугаар сарын 6-ны өдрийн 7.30 цагаас өмнө www.sme.gov.mn веб сайтад байршуулсан байх ёстой. Зээл хүсэгчдэд зөвлөхөд, өнөөдрөөс эхлэн бүртгэлээ хийж, өдөр болгон мэдээллээ нэмж, янзлаад явах боломжтой. Учир нь сүүлийн өдөр бүх материалаа байршуулна гэвэл зарим бичиг баримт дутуу болох, техникийн саатал гарах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг урьдчилан тооцох шаардлагатай байна.  


- Зээл хүсэгчид бүрдүүлэх материалуудын жагсаалттай яаж танилцах вэ?

- Бүрдүүлэх материалуудтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын www.bo.hhaag.gov.mn/  болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын www.sme.gov.mn веб сайт руу орж танилцах боломжтой.


- Зээл авах аж ахуйн нэгжүүдээс барьцаа хөрөнгө шаардах уу?

- Зээл хүсэгчид заавал барьцаалах хөрөнгөтэй байх ёстой.


- Бичил бизнес эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах уу?

- Баталгаа гаргахгүй.


- Төсөл сонгон шалгаруулах ажиллагааг хэрхэн явуулах вэ?

- Төсөл хүлээн авч дууссаны дараа үнэлгээ хийнэ. 0-100 оноогоор үнэлэгддэг. Эхний шатанд бичиг баримтын бүрдлийг шалгана. Эхний шатаас 70-аас дээш оноо авсан төслүүд дараагийн шатанд шилжиж, энэ талаар аж ахуйн нэгжүүдэд мессежээр мэдэгдэнэ. Хоёр дахь шатанд Жижиг, дунд үйлдвэрийн газраас төслүүдийн иж бүрдлийг нягталж шалгаж, дараа нь газар дээр нь ирж үздэг. Үүнээс 70-аас дээш үнэлгээгээр шалгарсан төслүүдийг аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг сонгон шалгаруулах дэд хорооны хуралд оруулж эцсийн дүнг гаргана. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна. 

Холбоотой мэдээ