Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт 400 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-28 16:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нэг Хоёрдугаар төв эмнэлэгт өнгөрсөн хугацаанд 400 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.


Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн ард иргэдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг улс орон даяар эхлүүлсэн билээ. Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдаж буй иргэдийн хувьд 40 орчим хувь нь 18-30 насны, 46 орчим хувь нь 31-45 насны,  10 гаруй хувь нь 46-аас дээш насныхан байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан нийт иргэдийн дунд ходоод, улаан хоолойн сөргөөт эзофагит, архаг өнгөц гастрит зэрэг эмгэг зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Тус эмнэлэг харьяаллынхаа хүрээнд Баянзүрх дүүргийн 8,17 дугаар хорооны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 17 хүртэлх насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин  гэж юу вэ?

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин /ХУСӨ/ нь хоол боловсруулах замын архаг өвчний нэг. Энэ өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж ХУСӨ-ийг үүсгэнэ. Хүчлээр гулгих, цээж хорсох зовиур нь олон хүнд түгээмэл илэрдэг хоол боловсруулах замын шинж тэмдэг. Ихэнх хүмүүс ХУСӨ-ний зовиурыг амьдралын хэв маягийн зохицуулалт, жоргүй олгодог эмийн тусламжтай намдаах боломжтой. Харин ХУСӨ-тэй зарим хүмүүс зовиураа багасгахын тулд илүү хүчтэй эм бэлдмэл хэрэглэх, цаашлаад мэс заслын эмчилгээ ч хийлгэж болно.

Шинж тэмдэг, зовиур 7 хоногт 2-оос доошгүй удаа илрэх эсвэл өдөр тутмын хэвийн амьдралд саад учруулах, мөн улаан хоолойн салст гэмтсэн тохиолдолд эмч таныг ХУСӨ-тэй гэж оношилж болзошгүй.

ХУСӨ-ий эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлс:

Таргалалт

Жирэмслэлт

Тамхидалт

Холбоотой мэдээ