“Тэрбум мод”: Хялгантын сургууль ойн талбайтай болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-06-29 17:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулган Булган аймгийн Хялгант тосгонд болж байна.


Энэ үеэр тус тосгоны дунд сургууль “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Тогтвортой хөгжлийн боловсролын төслийн хүрээнд 10 мянган мод тарьж, сургуулийнхаа дэргэд ойн зурвас бүхий талбайтай болж буйг чуулганд оролцогч нарт танилцууллаа. Энэ талаар тус сургуулийн багш Ц.Цолмонбаатараас тодруулав.


-Ойн талбайтай болох санаачилга анх яаж гарав?

-Анх бид Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд зуслантай болох гээд “Эко зуслан” гэсэн төсөл бичээд шалгарсан. Зуслан байгуулах явцад өөрийн үнэлгээг хийлгээд ирэхээр бусад зүйлийг хийх шаардлагатай нь харагдсан. Ингээд сургуулиараа ярилцаж олон төрлийн ажил төлөвлөсний нэг нь ойжуулах, хүүхдүүдээ байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлаж сургах үүднээс мод тарьж эхэлсэн.


Туршилтын талбайд жимс, ногоо яг боловсрох үеэр хүүхдүүдийн маань амралт таарч ургалтын талаар таниулах аргагүй байсан. Өвлийн хүлэмжгүй учир. Тиймээс жилийн 4 улирал арчилж таниулахын тулд модыг сонгож тарих нь зөв юм байна гээд ойн талбайтай болж эхэлсэн. Үүнийгээ байгалийн ухаан, биологи, газар зүйн зэрэг хичээлд сурагчдад таниулах байдлаар мөн ашигладаг. Манайх бас туслах аж ахуйтай болох гээд зөгийн аж ахуй эрхлэх төсөл бичсэн. Одоохондоо хараахан хэрэгжиж амжаагүй байна.


-Танай талбайд хэдэн төрлийн мод ургаж байна?

-Гацуур, жимсний болон гоёлын гээд 10-аад төрлийн мод тарьж байна. Бид дандаа үрээр нь тарьж байгаа. Намар үрийг нь түүж аваад хавар, намартаа тарьж байгаа. Мод бүрд таарсан, өөр өөр хөрс сонгон тарьж байна. Энд одоо 10 мянган модны үрсэлгээг ургуулж байна.

-Мод тарьж, ойн талбайтай болоход тодорхой хэмжээний санхүүжилт шаардагдана. Үүнийг яаж шийдэж байна?

-Төсөл хэрэгжүүлэгчээс болон аймгаас тус бүр 7.5, нийт 15 сая төгрөгөөр эхлүүлсэн. Яг юмаа хийгээд явахаар орон нутгийн, төрийн байгууллага, иргэд, эцэг эхчүүд, хувийн байгууллагууд дэмжээд ирдэг. 2 куб банз өгөх зэргээр дэм дэмээрээ тусалдаг. Нийтдээ 50 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр, хамт олны хүч хөдөлмөрөөр зуслантай, ойн талбайтай болоод өнөөдөр нээж байна. Бусадтай туршлагаа хуваалцан ярьж таниулж, ойлгуулсны хүчинд мөн энэ бүхэн бүтэж байгаа юм. Аймаг, орон нутгаас бодлогоор дэмждэг гэв. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дунд сургууль нь 620 сурагч, 70 багш, ажилтантай аж.


“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чууулганаар Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл хэрэгжсэн 6 аймгийн 30 сургуулийн туршлага болон цаашид тогтвортой хөгжлийн зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, хэвшүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж байна.


Чуулганд ТХБ-II төслийн үндэсний зөвхөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, МУБИС, Боловсролын үндэсний төв, МҮОНРТ, тогтвортой хөгжлийн төлөөх “Амгалан дэлхий” ТББ болон төсөл хэрэгжиж байгаа зорилтот Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байна. 



Холбоотой мэдээ