Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-30 14:48:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайиргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав гарч гэмтсэн зар сурталчилгааны болон бусад самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг ирэх сарын 5-ны дотор буулгаж, газар чөлөөлнө.


Нийслэлийн нутаг дэвсгэрт зар сурталчилгааны самбар, байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмынг хэрэгжүүлэх, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хянаж шалгах үүрэг бүхий ажлын хэсэг жил бүрийн 1 дүгээр улиралд шалгалт хийж, зөрчлийг арилгадаг. Зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах орчинд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зар сурталчилгааны байгууламж цөөнгүй байдгийг мэргэжилтнүүд тодотгожээ.


Түүнчлэн барилгын гадна ханад сурталчилгаа байршуулах нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг төдийгүй хөрөнгө хүч зарцуулсан тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засахгүй орхидог алдаа дутагдал гарсаар байгаа. Иймд 2018 онд зөрчил бүхий 447 хаяг мэдээллийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, 41 тулгуурт самбарыг албадан буулгажээ. Цар тахлын жилүүдэд албадан буулгасан самбарын тоо харьцангуй багасаж 2019 онд 174, 2020 онд 232, 2021 онд 537 болсон аж.


Холбоотой мэдээ