Хөрөнгийн зах зээлийн нийтлэлийн шилдэг сэтгүүлчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-30 17:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдий холбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан юм. Өнөөдөр уралдааны дүнг танилцуулж, шилдэг бүтээлийн шагналыг СЗХ, Монголын Хөрөнгийн биржийн удирдлагууд гардууллаа.

Сонин, сэтгүүл, вэб сайт болон телевиз, радио, видео контент гэсэн хоёр үндсэн төрөлд нийт 30 гаруй бүтээл өрсөлдсөнөөс “Телевиз, радио, видео контент”-ийн нэгдүгээр байрын шагналыг МҮОНРТ-ийн сэтгүүлч Ц.Санчирмаа “Биржийн бус зах зээл” нэвтрүүлгээрээ хүртлээ. Удаах байруудыг “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал “Банкны IPO хойшлох уу?” нэвтрүүлгээр, МҮОНРТ-ийн “Ногоон сум” хэлэлцүүлгээр сэтгүүлч Д.Ган-Эрдэнэ тус тус шалгарлаа.




Харин “Сонин, сэтгүүл, вэб сайт” төрөлд тэргүүн байрт “Баялгийг шударга хуваарилах хувьчлал” нийтлэлээрээ “Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг, хоёр, гуравдугаар байрт “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” нийтлэлээр сэтгүүлч Б.Баяртогтох, “Хөрөнгийн зах зээлийн гүүр: Хөрөнгө оруулалтын сан” нийтлэлээр “lemon press.mn“ сайтын сэтгүүлч Э.Золбаяр нар шалгарав. Мөн зарим сэтгүүлч “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнуулсныг СЗХ-ны дарга Д.Баярсайхан гардууллаа.  

Хөрөнгийн зах зээлийг хөндсөн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг иргэд, олон нийтийн санхүүгийн зах зээлийн ойлголт, мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ