ХОВД: Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-07 18:12:58

Ховд /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг өнөөдөр Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.   

Ховд аймгийн баяр наадам долоодугаар сарын 8-11-ний өдөр тусгай хөтөлбөрийн дагуу болно. Энэ өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байна.

Тодруулбал,  энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн, 11, 12-нд уулархаг нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Үүнтэй холбогдуулан гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, мөн өмнөх цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хэт халалттай холбоотой хөрсөнд чийг шингэхгүйгээр урсаж үер болох магадлалтай тул малчид болон газар тариалан эрхлэгч, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэд үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөлөө. Мөн голын ай сав дагуу буухгүй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Баяр наадмын үеэр Ховд аймгийн нутгаар салхи ихэнх хугацаанд тогтуун байж 4-9м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүсч зарим газраар 12-14м/с хүрнэ. 

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.  

Холбоотой мэдээ