ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг дарга А.Ишдорж наадамчин олонд хандан мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-25 18:57:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангайчууд төрөлх аймгийнхаа түүхэн ойн баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Баяр наадмын үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга А.Ишдорж наадамчин олондоо хандан үг хэллээ.

Эрдэм хүндэт иргэд, наадамчид аа᠋!
Хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид эртнээс уламжлагдан ирсэн, гүн утга, бэлгэдэл бүхий өв соёл, зан заншилтай ард түмэн билээ.
Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхэт байдлын баталгаа, хөх толбот монгол хүн бүрийн бахархал, омогшил болсон төрт ёсны цэнгэлийн их баяр Монгол наадмаараа төрөлх нутгийнхаа буурал түүх, эцэг өвгөдийнхөө захиасыг тээн өртөөлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан өвлүүлэх агуулгаар тэгш ойн баяраа хамтатган тэмдэглэж байна.
Өвөрхангай аймгийн 90 жилийн түүх бол энэ нутагт төрж өссөн, ажиллаж, амьдарсан нийт хүмүүсийн түүх юм. Түүхийг хүмүүс бүтээдэг. Өвөрхангайчууд бид он цагийн шалгуурыг даван туулж, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, орчин цагийн соёл хандлагыг төлөвшүүлж, үндэсний өв уламжлалаа хадгалан хамгаалж, улсынхаа хөгжил, дэвшлийн замнал өөд зүтгэсэн ачаанаас үүрэлцэж, алдар гавъяатай түүх бүтээж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнасан билээ.
Тэрчлэн тогтвортой хөгжлийн амжилтаараа 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014, 2019, 2020 онд “Шилдэг аймаг”-аар шалгарч байсан бол 2021 онд Монгол Улсын шилдгийн шилдэг буюу “Манлайлагч аймаг”-аар шалгарсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж, энэхүү шагналд хөлс, хүчээ нэгтгэсэн та бүхэндээ халуун баярыг хүргэн талархал илэрхийлье.
Нутгийн зон олон Өвөрхангайчууд аа᠋᠋!
Өнөөдрийн Өвөрхангайг бий болгосон өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ ирээдүй үедээ үнэлэгдэх үнэлэмжийг эдүгээ цагт бүтээхийн утгыг санах эрхэм өдрүүд хэмээн тунгааж, түүхийн алтан хуудсыг цааш үргэлжлүүлэн бичилцэж, ололт амжилтаа давуулан бататгахын төлөө эв эеэ нэгтгэн хичээн зүтгэж, иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж, баг, сум бүр бодитой хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллахыг та бүхэнд уриалж байна.
Та бидний утга учрыг бэлгэдэн тэмдэглэж буй тэгш ойн ерөөл авшиг нутаг оронд маань хөгжил дэвшил, амжилт бүтээл, бахархал омогшил, итгэл найдвар, гэрэлт ирээдүйг авчрах болтугай. Эцэг өвгөдийнхөө буян заяанд ивээгдэж, залуу үеийнхээ мэдлэг чадварт тэтгэгдэж, дөрвөн цагийн эргэлтэнд үе удмаараа тэгш дүүрэн оршихын ерөөлийг өргөе.
Хүчит бөхчүүдийн бяр нь их, мэх нь уран,
Хуурнин шуугих аргамаг хүлгүүдийн шандас хурдтай,
Хүүхэд багачуудын гийнгоо цээлхэн
Хараа хурц харваачдын нум нь хөвчтэй, сум нь мэргэн байхын ерөөл өргөе.
Миний нутгийн зон олон минь төрт ёс, дэгж аягаа эрхэмлэн дээдэлж, дэлхийд ганц Монгол наадмаараа дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ