Уулын Карабахын байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-04 11:10:54

ВАШИНГТОН. /BBC/. АНУ Уулын Карабахын нөхцөл байдалд түгшиж байгаа бөгөөд хурцадмал байдлыг намжаах арга хэмжээг нэн даруй авахыг уриалж байна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгджээ.   


Тэрбээр мэдэгдэхдээ, “АНУ-ын эрх баригчид Уулын Карабахын мөргөлдөөний талаарх мэдээлэлд гүнээ санаа зовниж байгаа бөгөөд бүс нутаг дахь ширүүн тулаан болон амь үрэгдэгсэд, шархагдагсдын талаарх мэдээллийг анхааралтай ажиглаж байна” гэжээ.


АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мөн “тус улс хурцадмал байдлыг намжааж, байдал цаашид даамжрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авахыг уриалж байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогийн хурцадмал байдал нь бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой “асуудлуудыг зөвшилцлийн үндсэн дээр иж бүрэн, даацтай зохицуулах” шаардлагатай байгааг харуулж байна. 


Үүнээс өмнө мөн Европын Холбоо Армени, Азербайжанд хандан Лачины коридорын /Армени, Уулын Карабахыг холбосон зургаан км урт уулын коридор/ эргэн тойронд болон зааглах шугамын дагуух бусад газарт байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Тус холбоо мөргөлдөөний улмаас “хүний амь нас эндэж, шархадсанд” харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.    


Уулын Карабахын байдал долоодугаар сарын сүүлчээс дахин хурцаджээ. Энэ бүс нутагт ширүүн байлдааны ажиллагаа 2020 оны намар Оросын энхийг сахиулагчдыг оруулснаар зогссон юм. Одоо хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсад хэсэгчилсэн дайчилгаа зарлаад байна. Азербайжаны тал Армениас Карабахад хүрэх цорын ганц зам дайран өнгөрдөг Лачин хотыг өөрийн мэдэлд буцааж өгөхийг шаардаж байгаа аж. 


Холбоотой мэдээ