БАЯН-ӨЛГИЙ: Хот тохижуулах алба хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-10 11:29:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах алба хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмжтэй боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон дээрх төхөөрөмж нь 380 вольтоор ажилдаг ба 0,6 м3 хэмжээтэй 100-250 кг жинтэй хуванцар, хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаасыг 60 тн даралтаар нягтруулан шахах хүчин чадалтай аж.  

Хот тохижуулах алба ийнхүү зориулалтын төхөөрөмжтэй болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудыг цуглуулж Улаанбаатар хотод хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд хүргүүлж ажиллах юм.

Иймд аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд хуванцар сав, шил, 0,035 мм-ээс зузаан гялгар уут, лаазыг тухайн байгууллагад хүлээлгэн өгч хог хаягдлыг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой байна.  

Ташрамд дурдахад, бүх төрлийн цаас, хуванцар, шил зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдал орон сууцанд амьдардаг иргэдийн нийт хог хаягдлын 40 хувь, гэр хорооллын хувьд 30 орчим хувийг эзэлдэг байна. Иймд эдгээр хог хаягдлуудыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зохистой менежмент төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас «Орон нутагт хог хаягдал, хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөл» хэрэгжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ