А.Гутерреш: Цөмийн зэвсэггүй Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-10 17:21:57

НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ нь “тайван бус дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон” Монгол Улстай эв санааны хувьд нэгдмэл гэдгийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэлээ.


А.Гутерреш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа нийслэл Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр хэлэхдээ, геополитикийн эрс хуваагдалтай, зөрчил мөргөлдөөн хаа сайгүй газар авах болоод байгаа энэ үед Монгол Улс нь цөмийн зэвсэггүй бүс гэдгээрээ бусад улс орнуудад үлгэр жишээ болж байгааг онцлов.


Цөмийн зэвсгээс ангижрах тухайд

“Бид бүхэн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа ахин цөмийн дайны аюул бодитоор нүүрлэж болзошгүй гэдэгт хүмүүсийн эмээх болоод буй дэлхийд амьдарч байна” гэж А.Гутерреш хэлжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, цөмийн дайн гарах ямар ч боломжгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цорын ганц арга зам нь цөмийн зэвсгээс ангид байх явдал юм гэдгийг тэмдэглэсэн байна.


НҮБ-ын тэргүүний Япон улсаас баасан гарагт эхлүүлсэн Азид хийж буй айлчлал нь Монгол Улсад өндөрлөж байгаа юм.


Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр улам нэмэгдсээр ирснийг А.Гутерреш цохон тэмдэглэлээ.


Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон Монголын энхийг сахиулагчдад хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн юм.


НҮБ-ын тэргүүн мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Энэ үеэр бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй орон болох Монголд тулгамдаж буй сорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ.




Байгаль дэлхийтэйгээ эвлэрэхийг уриалав

А.Гутерреш мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор Монголын талын санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний нэгээхэн хэсэг болох мод тарих ёслолд залуучууд, энхийг сахиулагчдын хамтаар оролцлоо.


“Миний үеийнхэн их тэнэг байсан. Миний үеийнхэн байгаль дэлхийтэйгээ дайн зарласан. Өдгөө байгаль дэлхий маань шуурга, цөлжилт, үер, байгалийн гамшигт үзэгдлээр хариу цохилт өгч, түүнээс үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон хүний ахуй амьдрал хүндэрч, олон хүний амь нас хохирч байна”.


“Харин одоо та бүгдийн үеийнхэнд байгаль дэлхийтэйгээ эвлэрэх чухал даалгавар тулгарч байна. Иймд бидний өнөөдөр хийх үйлдлүүд байгальтайгаа эвлэрэх шинэ хандлагын илэрхийлэл байх ёстой” гэдгийг тэрбээр тодотгон хэлжээ.


НҮБ-ын ЕНБД мөн Монголын малчин айлд зочилж, аж амьдралынх нь хэв маягтай танилцсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын төслийн үр шимийг хүртэж буй хүмүүсийн төлөөлөл болох эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу идэвхтнүүдтэй уулзжээ. 



Холбоотой мэдээ