Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлтийн талаар чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-08-23 13:47:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралд Монгол Улсын өчүүхэн хувийг эзэлдэг ч нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн дунджаас 2.7 дахин их байна.


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг багасгахад хүүхэд, залуусын оролцоог нэмэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар БОАЖЯ-наас “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуус” чуулганыг энэ сарын 23-24-нд Улаанбаатарт зохион байгуулж байна. 


НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Монголын Хүүхдийн Зөвлөл, МУЗН, “Оюу толгой” ХХК, "Каритас Чех", "Дэлхийн Зөн", "ПИН" ОУБ хамтран зохион байгуулж буй чуулга уулзалтын үеэр “Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад”, “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо”, “Монгол Улсын амлалт” хувь нэмэр, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” сэдвээр илтгэл тавилаа. Хүүхэд, залуус “Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал”, “Цөлжилт ба ган”, “Байгалийн гамшигт үзэгдлүүд”, “Усны хомсдол”, “Орчны бохирдол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдлэг мэдээлэл түгээх, шинэлэг санал санаачилга, сайн туршлагаа танилцуулах зэргээр саналаа солилцсон юм. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтөд залуусын оролцоо” сэдвээр 8 бүлэгт хуваагдан олон улсын болон үндэсний төвшинд амжилттай хэрэгжиж буй сайн туршлага, бүтээлч саналаа танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.



Чуулганы үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг тодорхой болгож, БОАЖЯ-ны харьяа Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүлэг (чаптер) байгуулах эхлэлийг тавих юм. Мөн олон улсын хүүхэд, залуустай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний сайн туршлагаас суралцсан, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгох, оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нэгдсэн санаачилга гарган, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэнэ.


Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуус” чуулган нь Талуудын 17 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг нэгтгэхэд ач холбогдолтой юм.


Чуулга уулзалтад Монгол Улсын Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос, мөн АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин улсаас төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 280 орчим оролцогч хүүхэд, залуус оролцлоо. 



Холбоотой мэдээ