“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав.
“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл, үйл ажиллагааны санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулжээ. Энэ нь хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 513 үйл ажиллагаанаас бүрдэж байгаа.
Иргэдийн эрүүл мэнд,
боловсрол, амьдрах орчныг сайжруулахаар 127 төсөл, үйл ажиллагаа
төлөвлөсөн хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль
цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмж, шинээр ашиглалтад оруулах юм.
Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 22 байршилд цэцэрлэгийн байр худалдан авах, 131
байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэхийг тусгажээ. Мөн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс сэргийлэх, гэр,
сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэхэд шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж байна.
Агаар, орчны бохирдлыг багасгах, ногоон хот бий болгох, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой орчин бүрдүүлэхийн тулд 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.5 ам метрт хүргэнэ. Үүнтэй холбогдуулан Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хаах ажлыг үргэлжлүүлэн, 12 га талбайг нөхөн сэргээх юм. 2020-2022 онд тус газрын 30 га талбайг нөхөн сэргээжээ. Түүнчлэн, төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэхээр 123 төсөл, үйл ажиллагаа төлөвлөөд байна. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлнэ. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууц барьж, ашиглалтад оруулахыг ч тусгажээ.
Түгжрэлийг
бууруулахаар 29 төсөл төлөвлөсөн бөгөөд явган хүний
замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн
тээвэрт парк шинэчлэлийг ч
үргэлжлүүлэн, ирэх онд нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг барих
юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзварыг дахин төлөвлөж,
инженерчлэхээр төлөвлөжээ.
Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний
төслийн тухай саналаа хэлж, уг саналыг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргасныг нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй
харилцах газар мэдээлэв.