БНСУ хилийн чанадаас ирэх хүмүүсээс шинжилгээний хариу шаардахаа болино

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-31 10:55:39

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар коронавирусний давлагааны оргил үе өнгөрч, “омикрон” хувилбарын тархалт саарч байна гэж үзэж байгаатай холбоотойгоор энэ долоо хоногийн сүүлээс эхлэн хилийн чанадаас ирэх хүмүүст “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавихаа зогсооно гэж холбогдох албаны төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.


Энэхүү шинэ журмыг бямба гаргаас мөрдөж эхлэх бөгөөд халдварт өвчин судлалын зөвлөх хороо хилийн чанадаас ирэх хүмүүст тавьж буй “PCR” шинжилгээ заавал өгсөн байх шаардлагыг цуцлахыг Засгийн газарт зөвлөсний дараа ийнхүү шийдвэрлэсэн байна.


“Хилийн чанадаас ирэх бүх хүн буюу дотоод, гадаадын бүх иргэн есдүгээр сарын 3-наас эхлэн нисэх онгоц, усан онгоцоор ирэхдээ “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагагүй болно” гэж Эрүүл мэндийн дэд сайд Ли Ки Ил халдварын тархалттай тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.


Гэхдээ хилийн чанадаас ямар нэгэн хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс “хамгийн бага түвшний арга хэмжээг” хэрэгжүүлэн аялагчдад БНСУ-д ирснээсээ хойш 24 цагийн дотор “PCR” шинжилгээ өгөх шаардлагыг үргэлжүүлэн тавих ажээ.

 

БНСУ-д одоогийн байдлаар хилийн чанадаас ирж буй хүмүүст хилээр нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээ юм уу 24 цагийн дотор өгсөн антиген шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлага тавьж байгаа юм. 

Холбоотой мэдээ