ДАРХАН-УУЛ: Эш хөргийг залж хичээлийн шинэ жилийн нээлтээ эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 27 сургуульд 1200 багш, сургуулийн өмнөх
39 байгууллагад
300 гаруй багш, их дээд, мэргэжлийн 9 сургуульд 400 гаруй багш, 40.000 гаруй
хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Дээрх
27 сургуулийн нэг нь Улсын тэргүүний “Од” цогцолбор сургууль юм. Тус сургууль
нь энэ хичээлийн
шинэ жилийн баярын нээлтээ гурван сургуулийн багш сурагчдаа нэгтгэн “Дархан-50” цогцолборт хийлээ.
Нээлтийн эхэнд бүх шатны
боловсролын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сургуулийн багш, сурагчид
хүндэтгэлтэйгээр ёсчлон биелүүллээ.
Эш хөрөг залах Ерөнхийлөгчийн зарлигийг
Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа уншиж сонордуулан батламжийг сургуулийн
захирал Х.Баярбилэгт гардуулав.
2022-2023 оны хичээлийн жилд тус сургууль хичээлийн 3 байрандаа бага, дунд, ахлах ангийн нийт 112 бүлгийн 4059 сурагчийг хүлээн авч, 164 багш сурагчдад суурь мэдлэг олгоно. Шинэ хичээлийн жилийн нээлтээ өнгөрсөн жилийн амжилтаа бататгах, шилдэг сурагчдаасаа үлгэрлэл авахыг уриалж, хүүхэд бүр шамдан суралцаж, өөрийгөө дайчилж чадвал амжилтад хүрдгийг шилдэг сурагчдаараа төлөөлүүлэн мэндчилгээ дэвшүүлэх, гаргасан амжилтыг нь алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өнгөрсөн хичээлийн жилд Дархан-Уул аймаг элсэлтийн ерөнхий
шалгалтын үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн. Энэхүү амжилтад
тус сургуулийн сурагчдын хичээл зүтгэл багтсан гэдгийг Дархан сумын Засаг дарга
онцлон дурдаж байлаа. Тухайлбал “Од” цогцолбор сургуулийн хоёр сурагч түүх, нийгмийн ухааны
хичээлээр 800 оноо авч ах, эгч нарынхаа залгамж халааг үргэлжлүүлэх тэргүүний сурагчид болсон юм.