ХӨВСГӨЛ: Политехник коллеж энэ жил гурван мэргэжлээр шинээр элсэлт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-02 14:12:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид энэ хичээлийн жилд шинээр 222 хүүхэд шинээр элсэн орсон байна. Тус коллеж нь 2022-2023 оны хичээлийн жилд 41 багш, 31 ажилтан, 20 мэргэжлээр, мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилтэй, мэргэжил олгох 1 жилийн сургалттай, техникчийн түвшний ангиудад нийт 577 суралцагчтайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүллээ. Энэ жил малчин, ойн нөхөрлөлийн ажилтан, зочид буудал - жуулчны баазын ажилтан гэсэн 3 мэргэжлээр шинээр элсэлт авч байна.

Энэ хичээлийн жилд “Чанартай сургалт-Бүтээлч түншлэл” зорилгын дор үйл ажиллагаагаа эхлүүллээ.



Тус сургууль нь ХБНГУ-ын Барут Марк хоттой ойн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж орон нутагтаа 20 мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа бөгөөд  суралцагчид багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан сургалтын орчинд үнэ төлбөргүй суралцах бөгөөд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй юм.



Суралцагч хичээлийн 80 хувьд суусан тохиолдолд тэтгэлэг авах боломж бүрдэнэ. Мөн дотуур байр үнэ төлбөргүй хоолны мөнгө сар бүр 90.000 төгрөг олгогддог.

Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж 1973 онд 3 мэргэжлийн ангид 60 сурагч 3 багштай “Ойн Техник Мэргэжлийн Сургууль” (Ойн ТМС) нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш 35 мэргэжлээр 13000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгээд байна.  


1994 онд Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжсөн бөгөөд 2021 онд Политехник коллеж болж өргөжсөн байна.    

Холбоотой мэдээ