Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэх санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна.
Та саналаа энэ
холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home өгөх боломжтой.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 8 дугаар сарын 27-ноос энэ сарын 3-нд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын
тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт
үйлчилсэн 8 хоногт судалгаа хийж, мэргэжлийн
байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгчээ.
Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед
өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30
гаруй хувиар багассан аж.
Өнгөрсөн оны
9 дүгээр сарын 1-нд
хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил
15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км.
Машиныг тоог давхцуулахгүй тооцоход Улаанбаатар хотод одоогоор 642,315 тээврийн хэрэгсэл
бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50
хувиар нэмэгдсэн гэсэн үг. Харин
өнгөрсөн оныхоос 5 хувиар нэмэгджээ. Улсын хэмжээнд 1,122,644 автомашин байгаагийн 57
хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо
351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь
52-оос хэтрэхгүй байгаа аж.