БАЯН-ӨЛГИЙ: Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-09 23:35:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар шат дараатай хэлэлцүүлэг, уулзалтуудыг орон даяар зохион байгуулж байгаа.


Тус уулзалт хэлэлцүүлгийг Өлгий хотод энэ сарын 9-ний өдөр хийлээ. Хэлэлцүүлэгт аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, сумдын хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллөөс 60 гаруй хүн хамрагдав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аубакир оролцож, органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар нээлттэй санал солилцлоо.


УИХ-аас Органик хүнсний тухай хуулийг 2016 онд баталсан. Гэвч дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бодлогыг органик үйлдвэрлэлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ