ХОВД: Айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-15 08:22:14

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хөшөөтийн уурхайд ажиллаж, дараах үр дүнд хүрчээ. 


Зөвхөн 10 суманд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсныг болиулж 17 сумын 20 мянга гаруй өрхөд 35 мянган тонн нүүрс болгож нэмэх, Дулааны цахилгаан станцад олгох нүүрсний хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрлээ.

 

Энэ жилээс эхлэн сумын төвийн нэг өрхөд 2 тонн, хөдөөгийн өрхөд 1 тонн нүүрс олгоно. Энэ хэмжээ тухайн айлын нүүрсний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй ч тодорхой хэмжээнд дэмжлэг болох аж. 


Орон нутгийн хэрэгцээний нүүрсийг энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл олгоно.  


Үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан нүүрс татан авах хуваарийг сум тус бүрээр гаргана. Ингэснээр нүүрсний ачилт, түгээлтийг шуурхай болгож  дараалал үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ.


Айл, өрхүүд нүүрс авах хуваарийг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн харьяа сумынхаа Засаг дарга, ЗДТГ-аас авах боломжтой гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Холбоотой мэдээ