Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-15 15:27:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ.


Нийслэлчүүд жилд дунджаар 600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг тооцоо бий. Энэ хэрэгцээг сар бүр хангах зорилгоор өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэгт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд буйг “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ.



Сайжруулсан түлш нийлүүлэх цэгийг 60-аар нэмэгдүүлжээ. Налайх дүүргийн айл өрх энэ өвлөөс сайжруулсан түлш хэрэглэж эхэлж буйтай холбоотойгоор ийнхүү түлш нийлүүлэлтийг цэгийг нэмжээ. Энд борлуулалтын 26 цэг ажиллах аж. 



Энэ жил нийт 670 цэгт шахмал түлш борлуулна. Өнгөрсөн жил 620 цэг ажиллахаас 614 цэг тогтмол ажиллаж түлш нийслэлийн гэр хорооллын хэрэглээнд нийлүүлжээ. Цэгүүдээс өнөөдрийн байдлаар 423-тай нь шууд хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Иргэдийг шахмал түлш худалдан авах “Сайн” картаа цахимаар идэвхжүүлэхийг “Тавантолгой түлш” ХХК-иас санууллаа. 



Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ