Б.Сувд: “Дэлхийн номын нийслэл” болоход бид их ойртож байна
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар маргааш эхэлнэ.
Номын зохиолч, орчуулагч,
уншигч гурвыг нэг дор уулзах боломжийг олгодог
энэхүү номын баярын санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай ярилцлаа.
-Гурван өдөр төв талбайд үргэлжлэх Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор
зохион байгуулна. Бэлтгэл ажлаа хэр хангаад байна вэ?
-Бэлтгэл ажлаа хангаж байгаа ч гэнэтийн өөрчлөлтөөс хамааран хөдөлгөөн орсон учраас аль болох хурдан амжуулахыг тал талдаа хичээж байна. Бид маш завгүй ажиллаж байна. Номын баяр өнөөдрийг хүртэлх хугацаанд багагүй чимээ шуугиан дагуулж ирсэн. Энэ жилээс номын баярыг Үндэсний номын баярын зөвлөлийн саналыг тусган албан ёсоор төрийн байгууллагатай гэрээ хийхээр яригдаж байна. Цаашид илүү тодорхой болох юм бол өнөөдрийнх шиг ингэж сандарч суухгүй байх. Бидний ажил гурван сарын өмнөөс эхэлдэг учир маргаашдаа бэлдэн, магадгүй хувцас болон өөрийгөө бэлдээд илүү тайван сууж байх болов уу.
-Энэ удаагийн номын баяр ямар онцлогтой байх вэ?
-32 дахь удаагийн номын баярт оролцогчид азтан болох юм
бол автомашин хожих боломжтой. Мөн 32 дахь номын баярын 32 онцлог шинэ номыг үзэж болно. Түүнчлэн эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт гаргасан. Мөн “Номын ертөнц” клубын
маань 5 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцэн “Номын
ертөнц” нэвтрүүлгийн 700 дахь дугаар эфирт үзэгчдэд хүрч байна. “Номын
ертөнц” сэтгүүл номын баяр бүрээр 5000 хувь хэвлэгдэн уншигчдын гарт хүрдэг бол эхний 1000 дугаар нь амьтны хүрээлэн үзэх 1000 ширхэг тасалбар дагалдаж байгаа гэхчлэн уншигчдад
зориулсан сюрприз бэлдлээ. Мөн “Номын баяр бидний баяр” 180 мянган ширхэг энгэрийн тэмдгийг номд хайртай хүн
бүхэнд хүргэнэ. Өнгөрсөн удаагийн номын баяраар 180 мянган хүн иржээ гэсэн судалгааг МУИС-ийн Социологийн
тэнхимээс гаргасан. Үүний 75 хувь нь 15-35 насны залуучууд юм. Номын баярын өнгө
аясыг залуучууд тодорхойлох болсон байна. Оролцогч, ирж үздэг нь ч залуус болж
байна. Нийт 75 хувийг дахин задалбал 49.2 хувь нь ЕБС-ийн сурагчид байгаа юм.
Тиймээс энэхүү баярт оролцогчдын хувь хэмжээ илүү залуужиж байна. Номын баярт
ирж буй хүмүүсийн 69 хувь нь эмэгтэйчүүд
байна. Тэдэнд урам зориг өгөх, ээж хүн үр хүүхдээ номд дуртай болгох алхмыг
хийх хүмүүс учир “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх” номын жагсаалт гаргасан.
Ирээдүйд ирэх ашиг тус, ирээдүйд өгөх үр нөлөөг тооцон номуудыг танилцуулах
ажил хийнэ.
Түүнээс гадна төрийн байгууллагатай гэрээ хийнэ гэдэг чухал болж байна. Номын баяр бүрийн өмнө төрийн байгууллагууд 3-10 хоногийн өмнө орж ирээд “Бид номын баярт оролцох ёстой” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд цацагддаг. Тэгвэл энэ асуудал нэг тийш цэгцэрнэ. Номын баярыг нийслэлээс гадна бүх аймаг, улс орон даяар тэмдэглэх учир төрийн болон бус байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар тохирно гэсэн гэрээ юм.
-Хэчнээн хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгч, зохиолч оролцох вэ?
-Жилээс жилд оролцогчдын тоо өсөж байна. Талбай дээр 300 гаруй асар барьж байна. Асар бүрт нэг байгууллага, зарим асарт 2-3 хүн ч бий. Тэгэхээр оролцогчдын тоо жилээс жилд өсөж буй учир яваандаа Сүхбаатарын талбай жижигдэх хэмжээнд хүрч магадгүй.
-Ямар ямар шинэ ном бүтээл уншигчдад хүрэх бол, зах зухаас нь дурдвал?
-Маш олон уран бүтээлчийн шинэ ном гарсан. Бид шинэ номын мэдээллийг уншигчдад хүргэх зорилгоор номын мэдээлэл бэлтгэсэн. Тухайлбал, Б.Номинчимэд “Байтаг Богдын нүргээн” тууж, Д.Галсансүх “Хагас реалист шүлэг” шүлгийн түүвэр, Alphabook “Дүүлэн нис”, С.Баатарцогт “Цасан хуй” тууж, М.Батзориг “Би ч цэг, Чи ч цэг” урлагийн шүүмж, М.Уянсүх “Аварга мод” роман, “Үнэнч эрчүүдийн түүх” зэргийг дурдаж боно. Одоо хүртэл хэвлэлийн компаниуд ачаалалтай ажиллаж байгаа. Өнөөдөр зөндөө олон ном хэвлэлтээс гарна. Зарим ном баярын өдрүүдэд гараад л дуусдаг тул дахин хэвлүүлэх гээд номын салбарт ачаалалтай өдрүүд өрнөдөг.
-Номын баяраар маш олон арга хэмжээ өрнөдөг. Энэ удаагийн онцлох үйл
явдлууд юу вэ?
-Азтан шалгаруулна. Шүлэг, яруу найраг уншихаас гадна манай байгууллага энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын тулд санхүүжилт босгодог тул дэмжигч байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал, алжаал тайлж, амарч тухлах орчин бүрдүүлж байгаа.
-Үндэсний номын баяр нь “Дэлхийн номын нийслэл” болох зорилгыг агуулдаг.
Үүнд хүрэхэд хэр ойр байна вэ?
-Бид анх 2011 оноос энэхүү зорилт тавьж ажиллаад 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд номын баярын үзэгчийн тоогоор хангалттай өсөлт үзүүлсэн. Хангалттай хэмжээнд хотын уншигчийг бэлдсэн тул маш ойрхон байгаа гэж үзэж байна. Сэтгүүлд нийтлэх мэдээ матриалд энэ онд болсон “Дэлхийн номын нийслэл”-ийн тухай, өсвөр насны хүүхдүүд дэлхий дахинаа юу уншиж байгаа талаар сонирхолтой нийтлэл материал оруулсан. “Дэлхийн номын нийслэл” болоход бид их ойртож байна. Хүн амын тоотой харьцуулахад 180 мянган хүн гэдэг бол Улаанбаатар хотын нийт иргэдийн 12 орчим хувь болж байгаа. Ийм хувьтай тэнцэх хүмүүс гурван өдөрт номын баярт ирдэг гэдэг нь нэлээн сайн өсөлт гэж үзэж байна.
-Номын баярын хэвлэл
мэдээллийн албан ёсны түншээр ямар байгууллагууд ажиллах вэ?
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ТВ9 телевиз ажиллаж байна.
-Номын баярыг дэмжигч байгууллагуудын тухайд?
-32 дахь удаагийн Үндэсний номын баярыг дэмжигч, номд дуртай доорх байгууллагуудад баярлалаа. JPNM бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллахаар ярьж байгаа юм. Тус компанийн захирал номд дуртай, эрдэмтэн хүн. Харин менежерүүд нь олон жилийн өмнөөс л “Номын ертөнц” нэвтрүүлгийн үзэгчид байжээ. Internom Bookstore “Номын ертөнц” сэтгүүлийн хэвлэлтийн зардалд тодорхой хувийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болов. Яг тулсан үед найрсаг, шуурхай шийдвэр гаргасан та бүхэндээ талархаж байна. Fast Academy манай байгууллагад оффисын дэмжлэг одоогоор үзүүлж байна. Саяхан оффист маань хулгай орж, номын сангийнхаа олон хайрцаг ном, ачаа бараатайгаа гэнэт нүүх болсон юм. Тэвдэж явахад талбайтай ойрхон өрөө гаргаж өгсөнд баярлаад баршгүй. Монголын уран уншигчдын холбоо бидэнтэй хөтөлбөрийн хэсэгт хамтран ажиллаж байна. “Мөрөөдөх эрхтэй бүсгүй” ТББ -ийн гишүүд 300 мянга гаруй төгрөгийн хандив илгээсэн. Өөрсдийн санаачилгаараа ковидын үед номын баярт туслахаар 1000₮ давалгааг эхлүүлж байсан буянтай байгууллага билээ. Та бүхнийхээ ачийг ажлаа сайн хийж хариулна даа.
-Уншигчид болон хэвлэн нийтлэгчдэд хандаж юу хэлэх вэ?
-Номын баярыг баяр болгохын тулд олон уншигчийн хүч, сэтгэл, номд дуртай хандлага үр нөлөөгөө өгдөг.Тэгэхээр бүгдээрээ уншъя, урагшлъя гэдэг шиг бүгдээрээ уншъя, ухааръя. Мэдлэгт шүтэж дурладаг олон сайхан залуус номын баярыг зорьж ирнэ гэдэг бол ирээдүй гэрэлтэй байх нь мэдээж юм. Уул уурхай ухахад дуусдаг бол хүний оюуны баялаг ухагдаж дуусахгүй тул номд дурлаж байгаа залуустаа баярлалаа. Номын баяртаа идэвхтэй оролцоорой.