Хүнсний таримал мөөг туршиж ургуулснаа үзэсгэлэнд дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-22 08:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй “Намрын ногоонд өрдүүд” үзэсгэлэнд хясаа мөөг, японы шиитаке мөөгийг туршин тарьж ургуулсныг худалдаалж байна.

Мөөгөө модны үртэс, кофены шаарыг хөрс болгон ашиглаж ургуулсан нь сонирхолтой байлаа. Нэг кг хясаан нойтон мөөгийг хатааж 100 граммаар савласан нь  20 мянга, 250 грамм нь 8 мянга, даршилсан нь 10 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа.



ХХААХҮЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд энэ 2 төрлийн мөөгийг монголд ургах боломжтой гэж дүгнэжээ. Цаашид үйлдвэрлэлд хэр хэмжээтэй ургуулахыг судлан, мастер төлөвлөгөө гаргаж нэвтрүүлэхийг төслийн ажилтан Ч.Орхон дурдаад, одоогоор жилийн 4 улиралд сэрүүн нөхцөлд тариалах боломжтой гэсэн үр дүн гарсныг тайлбарлав.


Төслийн хүрээнд мөөгний шим тэжээл, анагаах ач холбогдол, үйлдвэрлэх үе шат, онцлог, сүрлэн дээр хясаан мөөг тариалах технологи, тариалах зардал бүтээгдэхүүний өртөг тооцоог заах сургалт зохион байгуулдаг байна. Сургалт нь 1 өдрийн, 3 хоногийн дадлага, нэг сарын зөвлөгөө гэсэн хэсгээс бүрддэг аж. 



Холбоотой мэдээ