НҮБ-д хэлсэн Ерөнхийлөгчийн үг доторх дэлхий дахинд энхийг уриалсан ишлэлүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-22 13:10:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгээс дэлхий дахинд энхийг эрхэмлэхийг уриалсан  ишлэлүүдийг онцолж байна.


  1. Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна.
  2. Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
  3. Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна.
  4. Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоосон түүхтэй билээ.
  5. “Монголын их амар амгалан” тогтсон нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусад ард түмэнд өөрийн соёл, шашныг тулгалгүй шашны эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг дэлхийн эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг юм.
  6. Дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна.
  7. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 8 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал юм.
  8. Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ.
  9. НҮБ-ын нийт гишүүн орнууд цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө улс төрийн хүсэл эрмэлзэл, эр зориг гаргаж, эх дэлхий, энх тайван, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, хамтран зүтгэхийг уриалж байна.
  10. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг.
  11. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэж үзэж байна.
  12. Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
  13. НҮБ-ын шинэчлэлийн суурь асуудал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой эрх, үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл гэж Монгол Улс үздэг.
  14. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд дэвшүүлсэн “Өөрчлөлтийн таван чиглэл” хэмээх шинэчлэлийн зорилтуудыг гишүүн орон болгон дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

Антонио Гутерреш: 

-Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө

ганцхан алхмын зайд байна.


(НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх

10 дугаар бага хурлын нээлтэд хэлсэн үгээс...

2022 он. 8 дугаар сар)

Холбоотой мэдээ