ДАРХАН-УУЛ: Жилд тарих модны суулгацын тодорхой хувийг оюутнууд бойжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-22 20:36:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд хорин сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд бүр таван модны тарьц, суулгац бэлтгэх, өөрсдөө тарьж ургуулах үйл ажиллагааг онол, практик хослуулан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. ЕБС, СӨББ, Их, дээд сургууль, коллежуудын багш нарт эхний ээлжинд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч нэгдсэн сургалтад хамруулсан.

Өнөөдрөөс оюутан, залууст шилмүүст модны тарьц суулгацын бойжуулах технологийг танилцуулах, тарьц суулгац бойжуулах хөдөлмөр зарцуулалт, үнэ цэнийг мэдрүүлэх, мод тарьж ургуулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, практик үйл ажиллагааг эхлүүлж байна. Оюутан, залуусын бойжуулсан тарьцаар жил бүр тарих модны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлэхээр тооцоолжээ.

Үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар ХААИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар сургууль, Хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Дархан-Уул аймгийн ИДМСК ажиллаж байна. Эко боловсролыг ивээн тэтгэгчээр “Гүүд нэйборс” ОУТББ ажиллах ажээ.

 

 

Холбоотой мэдээ