Д.Жавхланбаяр Килиманжаро уулын ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-28 11:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс “БНӨСУ”-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Өмнөд Секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааг мандууллаа. 

 

Тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан энэхүү авиралтыг хийсэн байна.

 

“Хурандаа Д.Жавхланбаяр Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалт эхэлж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07:15 цагт “Үхүру” оргилд гарсан байна” гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

 

Ташрамд сонирхуулахад, Килиманжаро уул Танзани улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд явган аялал, уулын авиралтын гол газар бөгөөд экваторын бүсээс урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км зайд байрладаг галт уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул юм.                                 

Холбоотой мэдээ