Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг О.Алтансүх удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-18 14:46:05

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилох шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргав.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын бүтцэд шинээр бий болж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэй үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээг өргөжүүлэн шинэ зохион байгуулалтаар ажиллуулах болсон юм.

Уг газрыг удирдахаар Засгийн газраас томилогдсон О.Алтансүх нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1996 онд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультет 2000 онд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2009 онд төгссөн. Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй.

2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажилласан туршлагатай юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ