СҮХБААТАР: “Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүн, экспортын чиг хандлага” сэдэвт бүсийн чуулган болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-28 16:09:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд чуулж байна. Цар тахлын дараах анхны зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын санаачилгаар аймгийн ЗДТГ-тай хамтран Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүн, экспортын чиг хандлага сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.


Орон нутаг бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Үүнийгээ илүү боловсронгуй болгох, цаг үе, техник технологийн хөгжилтэй уялдуулах шаардлага гарч ирж байгаа. Гэвч цаашид дан ганц нэг аймаг гэхгүй бүсийн хэмжээнд брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, кластер хэлбэрээр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Брэнд бий болгох нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эцсийн зорилготой. Харин үүнийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах нь хамгийн үр дүнтэй. Энэ тал дээр МҮХАҮТ-аас зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хамтран ажилладаг байна. Тийм ч учраас чуулганд МҮХАҮТ-ын удирдлагын төлөөллүүд иржээ.


МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар хэлэхдээ, бид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Зүүн бүс нутгийн хувьд мал аж ахуйн гаралтай түүхий эд, байгалийн ховор ургамал зэргийг бүтээгдэхүүн болгож гаргах нь чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, БНХАУ-тай хиллэдэг давуу талаа ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийх нь илүү үр дүнтэй. Ер нь манай орон нутгийн иргэд, үйлдвэрлэгчдийг нэг үеээ бодвол юм хийдэг, бараа бүтээгдэхүүний чанар, төрөл зүйл нь нэмэгдсэн, үйлдвэрлэгчид өөрсдөө хөгжиж судалгаан дээр үндэслэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болсон гэх гадны экспертүүдийн эерэг хандлага байдаг. Тиймээс бидэнд, орон нутгийнханд маш олон боломж байгаа гэв.


Зүүн бүс нутгийн хувьд экспортын кластер нь ХАА, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хөгжих боломжтой. Үүн дундаа мах махан бүтээгдэхүүн, зөгийн бал, цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг брэнд чиглэлд хөгжүүлэх боломж, давуу тал байна гэж тодорхойлжээ. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн ХАҮТ-аас нэг жилийн хугацаанд хоёр төрлийн бүтээгдэхүүний батентжуулалтыг хийж, экспортод гаргах тал дээр голлож ажиллана гэдгийг салбарын танхимын дарга Б.Мөнхбат онцоллоо. Ямар бүтээгдэхүүн байх гэдгийг энэ хугацаанд холбогдох хүмүүс дүгнэлт, судалгааг хийх аж.


Бүсийн чуулганд 100 гаруй төлөөлөгч хамрагдаж буй бөгөөд тэдэнд зориулж бүтээгдэхүүн хөгжүүлэлт, патент барааны тэмдэглэгээ цаашлаад хамтын ажиллагааны сайн жишээнүүдийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгч, харилцан санал солилцож байна.  

Холбоотой мэдээ