Д.Отгонсүрэн: Эх бүтээлүүдийг үзэж буй учир монголчууд маань их азтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-09-30 11:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний түүхэнд шашин чухал байр суурь эзэлж ирсэн учир улс орон бүрийн сүм гоёмсог хээнцэр, өвөрмөц чамин байдлаараа урлахуйн гайхамшигт соёлын өвийн нэгэн төв болж байдаг онцлогтой. Түүн лугаа адил дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хамгийн том цэвдэг дээр 114 жилийн өмнө босгосон, Чойжин ламын сүм музей Монгол Улсын хосгүй үнэт өвүүдийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна. Тус сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцсанаа толилуулъя.


-Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 22 улсын 25 газрыг шалгаруулсны дунд Чойжин ламын сүм музей маань багтжээ. Энэ хүрээнд ямар ажил өрнөж байна вэ?

-Дээрх төслийн хүрээнд Монгол Улс тэр дундаа Чойжин ламын сүм музейн дурсгалт барилга нь дэлхийд гайхагдах соёлын өв гэдгийг олны анхааралд хүргэхээс гадна сэргээн засварлалтад  хөрөнгө босгох, техникийн тусламж авах зэрэг боломж бүрдсэн. АНУ-аас архитекторч Стивен Ж.Келли манай оронд хүрэлцэн ирж, сэргээн засварлалтын чиглэлийн мэргэжилтэн, судлаач 30 гаруй хүнд онолын хичээл заан, дадлагын ажлаа манай сүм музей дээр явуулсан нь хүний нөөцийг хөгжүүлэх, туршлага хуримтлуулах үр дүнтэй ажил болсон. Улмаар АНУ-ын сэргээн засварлалтын төсөлд шалгаран энэ жил Ядам сүмийг маань иж бүрэн сэргээн засварлаж байна.


“Дэлхийн хөшөө дурсгалын сан”-гаас яаралтай авран хамгаалах шаардлагатай түүх, соёлын өвийн талаар олон улсын хараат бус шинжээчдийн санал болгосон 250 обьектоос 22 орны 25 обьектыг дурдсаны нэгээр “Чойжин ламын сүм музей” шалгараад байна.


-Энэ Ядам сүмд хоёрхон хүн л ордог байсан юм билээ. Сүм доторх "нууц сүм" гэмээр зөвхөн нууц хаалгаар ордог байсан энэ сүмд өдгөө олон түмэн зочлох боломжтой юу?

-Ядам сүм бол Чойжин лам Лувсанхайдавын бясалгал бүтээлээ үйлддэг байсан тусгай сүм юм. Тийм учраас түүний бясалгадаг гол Ядам бурхдыг энэхүү сүмд залсан байдаг. Энэ сүмийг Ядам сүм гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Ядам сүм нь бусад сүмээсээ хэрмэн хашаагаар тусгаарлагдсан бөгөөд тухайн үед Чойжин ламаас өөр хүн тус сүмд ордоггүй байсан гэдэг.

Чойжин ламын сүмийг ном хурж байсан тэрхүү хуучин төрхөөр нь хадгалан өнөөгийн бидэнд өвлүүлсэн тул бурхад сахиусууд нь шүншигтэй хэмээн шүтдэг мөргөлчид олон байдаг. Өдгөө хүн болгонд нээлттэй болсон.


-Чойжин ламын сүмийг анх байгуулсан болоод өнөөд ирсэн түүх ч их сонирхолтой?

-Тийм ээ, уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулган болсон Чойжин ламын сүмийг 1904-1908 оны хооронд Монголын төр, шашныг хамгаалан, хамаг амьтны тусыг бүтээхийн тухайд Чойжин сахиус буулгаж, хурал ном хурж байх зорилгоор Төрийн их Чойжин  Лувсанхайдавт зориулан бүтээсэн.

Лувсанхайдав нь Төр шашныг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү юм. Уг сүмийг Халх Монголын бүх нутаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан Омбо ламын удирдлага дор бүтээжээ.

Монголын түүх соёлын үнэт өв хадгалагдан буй энэхүү сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, таван сүм, хоёр жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед битүүмжлэн хааж, лам нарыг нь тараасан гэдэг.

Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад, 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болсон түүхтэй.


-Энэ сүмтэй холбоотой ам дамжсан яриа ард түмний дунд их тархсан байдаг. Тухайлбал, Засгийн газрын ордныг Чойжин ламын сүмийн чанх хойно байгуулсан нь тохиолдлын зүйл биш гэх юм билээ?

-Одоогийн та бидний харж байгаа энэ сүм нь Төрийн их Чойжин Лувсанхайдавын хоёр дахь сүм бөгөөд эхний  нь учир битүүлгээр шатсан байдаг. Тухайн үед тус сүмийг дахин байгуулахын тулд газар шинжээч лам нар Хүрээний хамгийн цэвдэгтэй газрыг догшид сахиус буухад тохиромжтой гэж үзэн сонгосон гэдэг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд, бид Монголын урлагийн зөвлөлтэй хамтран 2017-2018 онд Рожер Перри гуайн санхүүжилтээр музейн дурсгалт барилгад учирч болох 9 төрлийн эрсдэлийн судалгааг мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр судлуулсан юм.  


Чойжин ламын сүм музейн хашаан дотор Улаанбаатар хотын хамгийн том цэвдэг оршдог. Монгол Улсын “Улаан ном”-д орсон ургамлууд ургадгийг судалгаагаар тогтоосон. Гэтэл хашааны гадна талын хөрсний бүтэц тэс өөр, цэвдэггүй байна гэдгийг судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид маань тогтоож гайхаж байсан.


    Бид сайн мэддэггүй болохоос цэвдэг бол байгаль экологийнхоо хувьд их ач холбогдолтой юм билээ. Тиймээс цэвдгийг нь алга хийж болохгүй гэж бидэнд судлаачид зөвлөсөн. Манай соёлын өв маш учир жанцантай газар баригдсан гэсэн бидний итгэл үнэмшлийг шинжлэх ухааны үүднээс ингэж баталгаажуулсан. 114 жилийн өмнө, техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй тэр үед цэвдэгтэй газар хэмээн лам нар мэдэж байсан нь үнэхээр гайхмаар шүү. 

 

    Өдгөө ч Дээрхийн гэгээн Далай ламын дэргэдэх Гүртэнбүүд Чойжин сахиусаа буулгасаар байна. Үндэсний тусгаар тогтнолоо олоход хүч хөдөлмөрөө гаргасан, амь хайргүй зүтгэсэн хүмүүсийг шагнаж урамшуулсны дотор Төрийн Чойжин Лувсанхайдав маань багтсан түүхийн баримт бий. Төрийн Чойжин гэдэг нь төр өнө мөнх оршихын тухайтад оршиж байсан. Энэ мэт учир шалтгааны улмаас газар шинжээч лам нар Төрийн чойжин буюу Чойжин ламын сүмийн чанх хойно чиг барьж, Засгийн газрын ордоныг барьсан гэдэг. Үнэхээр манай сүм музейн тухай баримтын болон аман түүх их бий л дээ.

 

-Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 700 гаруй сүм хийдийг устгасан. Гэтэл Хүрээний төвд байсан энэ сүм л хөндөгдөлгүй, ганцаар үлдсэн нь энэ сүмийн онцгой нандин шүтээн, гоёмсог тансаг байдалтай нь холбоотой байх, тийм үү?

-Өнөөдрийг болтол бид архивт сууж судалсаар байна. Дээр дурдсанчлан Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нарын шийдвэрээр 1938 онд сүмийн шашин номын үйл ажиллагааг хааж үзэсгэлэн, судалгааны чиглэлээр авч үлдэх шийдвэрийг гаргаж, одоогийн Шинжлэх ухааны академийн харьяанд шилжүүлсэн юм билээ. Гэтэл 1938 он гэдэг бол хэлмэгдүүлэлтийн он жил байлаа шүү дээ.


Сүмийн хувь заяаг шийдэх тэрхүү торгон мөчид судалгааны зорилгоор авч үлдэх нь зүйтэй гэдэг өргөх бичгийг хэсэг эрдэмтэн судлаач өргөн барьсан байдаг. Мөн Оросын уран барилгач Васильев уран барилгын хувьд дахин давтагдашгүй гайхалтай бүтээл болохыг тодорхойлсон нь Хүрээний төвд орших энэхүү “Төрийн сахиусны өргөө”-г нураалгалгүй авч үлдэх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн болов уу.


Ингэснээр Монголынхоо хамаг л соёлын хосгүй нандин өвийг хадгалж авч үлдэж чадсан гэж боддог. Энэ сүмд Өндөр гэгээн Занабазарын 21 дарь эх, Язгуурын таван бурхан, Ногоон дарь эх бүгд байсан түүх бий. Сүүлд Богдын Ногоон ордон Богд хааны ордон музей болоход энэ сүмээс  21 Дарь эхийг, Өндөр хоршоог Дүрслэх урлагийн музей болоход язгуурын 5 бурхны 4 бурхныг илгээсэн байдаг.


Мөн
тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд энэхүү сүмийн бурхан шүтээнд сүсэглэдэг байсан гэдэг ба  "Анхны долоо" манай Улаан сахиусын өмнө эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ хэмээн цусан тангараг өргөсөн тухай аман түүх байдаг.

 

-Ташрамд сонирхоход, Өндөр гэгээний мутрын бүтээл гэдгийг яг яаж таньж, баримтжуулдаг юм бэ?

-Өндөр гэгээний бүтээлүүдийн баримал цутгуур дүрүүдийн гол онцлог нь хувь хэмжээ буюу (тиг) овор байдал, дүрийн шинж чанараараа ялгагдана. Тухайлбал, сэтгэлийн төгс амар амгаланг олсныг нүүр царайны төрх байдлаас, зовлонгоо бүрэн төгс ялсныг нь биеийн төгс гоо сайхнаас нь харж болно. Бие, хэл, сэтгэлийн төгс амар амгаланг олбол ийм лагшинтай болдог гэж үздэг. Гучин хоёр билэг 80 найрагт заасан тэрхүү онолыг хэлбэржүүлэхэд Өндөр гэгээний бүтээлийн гол онцлог нь оршдог.


-Өдгөө тус музейд буй 6000 гаруй үзмэрээс хэд нь хосгүй үнэтээр ангилагдаж байна вэ?

-Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт 75 дэсийн 77 хосгүй үнэт үзмэр хадгалагддаг. Манай монголчууд маш их азтай, яагаад гэвэл эх бүтээлүүдийг үздэг.


Гэтэл бид Монголдоо байгаа хосгүй нандин үзмэрүүдээс илүү гарахааргүй бүтээлүүдийг гадаадад очоод бүр дугаарлаж, тэгээд илүү үнэтэйгээр үзэж байна. Тэгэхдээ эх бүтээлийг нь бус, хуулбарыг нь зонхилон харж байгаа шүү дээ. 


Өндөр гэгээн Занабазар бол дэлхийн хүн. Тэр хүний мутраар бүтээгдсэн болон шавь нарынх нь бүтээл буюу сургууль хийц нь дэлхийд гайхагдсаар байна. Урлагийн бүтээл гэдэг бол үнэ цэн нь он жил явах тусам нэмэгдэж байдаг, мөнгө төгрөгөөр хэмжишгүй учраас үнэлж чадахгүй, үнэлж чадахгүй байгаа учир хосгүй үнэт үзмэр гэж нэрлээд буй хэрэг шүү дээ. Тийм хосгүй үнэт үзмэрүүд энэ сүм музейд өдгөө ч байна. Тэгэхээр бид маш их азтай. Магадгүй яваандаа, улс орон хөгжөөд ирэхээр, гадаадын жишгээр эх хувиа үзэгчдэдээ гаргадаггүй болохыг үгүйсгэх аргагүй юм. 

-Музейн хосгүй үнэт үзмэрүүдийн талаар нэг ярилцлагад багтаах аргагүй тул тэр бүгдийг очиж үзэх цагийг уншигчдадаа олгоод түүвэрлэн ярилцъя. Буддын шашинтай улс орнууд дотроо хамгийн том хэмжээтэй, үнэ цэнтэй баг танай музейд л буй.  Бусдынхаас чухам юугаараа онцлогтой вэ?

-Манай музейд Монгол Улсын хамгийн олон цамын баг хадгалагддаг. Үүнээс Гомбо сахиус, Улаан сахиусны цамын баг, иж бүрэн хувцас хэрэглэлтэйгээрээ онцлог юм.

Хүрээ хийцийн Улаан сахиусны иж бүрэн цамын өмсгөл нь сүм хийдийг барьж байгуулахаас эхлээд хадгалагдаж ирсэн бөгөөд урлахуйн ухаан талаасаа маш нарийн хийцтэй, тэр хэрээр том судлагдахуун юм. Сахиусны хилэнт дүрийг байгалийн 6000 орчим шүрээр урласан энэхүү гайхамшигт бүтээл нь Монгол Улсын хосгүй үнэт дурсгал юм. Улаан сахиусны шүрэн баг 20 кг орчим, иж бүрэн хувцас хэрэглэгдэхүүнтэйгээ 70 орчим кг болдог. Тухайн үед улаан сахиусын цамын хувцсыг хурал ном хурж, нямбанд сууж, бясалгал хийсэн биедээ ямар нэгэн шарх сорвигүй эрүүл чийрэг залуу лам хүн өмсөж цамд гардаг байсан гэдэг.

 

-Чойжин ламын сүм музей 20 дугаар зууны эхэн үеийн уран барилгын гайхамшигт дурсгал гэж үнэлэгддэг. Дахин давтагдашгүй хийцлэл, гоёмсог урлалынх нь талаар та юу юуг нь онцлох вэ?

-Үнэхээр энэ сүмийг 110 гаруй жилийн өмнө яаж ийм уран тансаг бүтээсэн юм гэж гайхмаар байдаг. Сүмүүдийн тааз, хана туурга маш уран нарийн хийцлэлтэйгээс гадна цаасан шуумал болон зэс хөөмөл бүтээлүүд нь дурсгалт барилга байгууламжтайгаа хамт бүтээгдсэн байдаг. Тийм ч учраас Монголын урлагийн зөвлөл, МСS группийн “Өв эрдэнэ” төсөлд шалгаран Дэлхийн хөшөө дурсгалын сангаас зарласан 22 улсын 25 гайхамшигт дурсгалын нэгээр тодрон дэлхий нийтийн анхааралд хүрээд байгаа юм.

 

-Дэлхийд алдартай сүмүүдийн түүх домог нь тухайн дурсгалыг ихэд алдаршуулсан нь цөөнгүй. Энэ нь соёлын өвдөө олны анхаарлыг татахын тулд тэр талын мэдээллийг чадмаг олзолж,  сурталчилдагтай холбоотой байх. Тухайлбал, хананд нь ямар төрлийн будаг түрхсэнийг тогтоож чадаагүй гээд л колумбчууд Лас Лхасын сүмээрээ гайхуулдаг. Тэгэхээр Чойжин ламын сүм музейн маань хувьд, барилга байгууламжаас нь салгаж болохгүй үзмэрүүд гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Ихэнх хүн орж ирээд харааны түвшний үзмэрээ л хараад байдаг. Уг нь бол таазнаасаа эхлээд хармаар байгаа юм. Бүтээлийг дандаа учир утгатай, бэлгэдэлтэй, агуулгатай урласан байдаг. Тиймээс тайлбарлуулаад үзвэл манай музейд маш олон цаг саатах боломжтой.

Тааз, ханан дээрээ уран зурагтай, хана туургандаа модон урлал сийлбэрүүдтэй, цаасан шуумлаар 16 Найданг ингэмэл аргаар буюу хагас товойлгон бүтээсэн ийм уран тансаг барилга байгууламж үнэхээр ховор юм.

 

-2015 онд нийслэл хотоос занданшсан шүтээн олдож дуулиан тарьснаас өмнө бол танай музейн нэг үзмэр олны анхаарлаас хөндийвтөр байсан. Яг ямар учиртай шүтээн-үзмэр танайд заларч байна вэ?

-Сүсэгтнүүд Чойжин лам Лувсанхайдавын номын багш Номун хаан Балданчоймболын лагшингийн шүтээнийг занданшуулсан дүр хэмээн сүсэглэн мөргөдөг.  

 

-Тэрхүү занданшуулсан шүтээнийг ямар учир бэлгэдлээр бүтээсэн байдаг вэ?

-Сэтгэл нь гэгээрлийн амар амгаланг олж, нирваанд орших үед бие лагшинг нь эрдэнэ мэт үздэг. Тийм учраас тэр биеийг 2 янзаар шүтээнчлэн шүтдэг. Занданшуулаад царай төрхийг нь бурханчлан шүтдэг.

Нөгөө талаас, галд чандарлахад биен дотроос нь олон өнгөт эрдэнүүд гарч ирдгийг ринсрэл гэдэг. Түүнийг тааллын шүтээн буюу суварганы бумбанд залж тахиж шүтдэг. 


Энэ мэт учир шалтгааны улмаас манай обьект төвийн халаалт ч үгүй, төвлөрсөн шугам ч байхгүй. Тиймээс манай музейд ирж байгаа зочид 114 жилийн өмнөх түүхээр аялж байна гэж ойлгож болно. 


Төвлөрсөн шугамд өдгөө ч холбогдох боломжгүй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс манай сүмүүд сэрүүний улиралд маш хүйтэн буюу хүйт хургасан байдаг. 114 жилийн өмнө эсгий гуталтай лам нар хурал хурж байсан бол өдгөөгийн манай ажилтнууд өвлийн цагт эсгий гуталтайгаа ажиллаж байна. Гэтэл биднээс үзэгчид ая тухтай, дулаан орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг шаарддаг. Ийм нөхцөлд хэрхэн дэлхийн жишиг, стандартад нийцсэн музей болгох вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.

Наад зах нь бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоптой байх хэрэгтэй шүү дээ. Музейгээс гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны олон сайхан бүтээлийг олон түмэнд таниулан сурталчилмаар байна. Энэ бүхнээс улбаалан музейн эзэмшлийн газар дээр олон улсын музейн стандарт жишигт нийцсэн үзэсгэлэнгийн танхим, сан хөмрөг, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп бүхий шинэ барилгатай болохыг зорьж байна. Энэ зорилтыг маань Соёлын яамнаас дэмжин ажил хэрэг болгох гэж байгаад манай хамт олон баяртай байгаа.


-Чойжин ламын сүм музей маань хэдэн жилийн өмнө өндөр барилгуудад хавчигдаад хэцүү болсон байсан. Зарим газраа булаалгасан гэсэн мэдээлэл ч гарч байв. Одоо хэн ч халдашгүй болж чадсан уу?

-Тийм ээ. Саяхан 2010 он гэхэд л музей маань кадастрын зураг, гэрчилгээ ч үгүй явж ирсэн байсан.  Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон байдаг. Гэтэл энэ тогтоол амьдрал дээр хэрэгжээгүй олон жил явснаас эргэн тойрны олон байгууллага музейн газарт нэвтрэн байшин барьж, газрын гэрчилгээ авсан байсан. Ингээд бид газраа буцаан авахаар шүүхэд 5 маргааныг үүсгэн, 10 гаруй жил уйгагүй хөөцөлдлөө.

Музейн хувьд хуульчийн орон тоо, өмгөөлөгчийн зардал байхгүйгээс үүдэн тухайн үед бидэнд хүндрэл бэрхшээлүүд тулгарсан. Энэ тухайгаа удирдах дээд байгууллагууддаа цаг тухай бүрд нь уламжилж ирсэн. Гэвч газрын асуудал шийдэгдэлгүй олон жил шүүхээр явсан тул бид хүчин мөхөстөж олон газраас тусламж хүссэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй биднийг өмгөөлөх компани тэр бүр олдоогүй ээ. Харин Ж.Сүхбаатар захиралтай Монгол өмгөөлөгчхууль зүйн фирм биднийг дэмжиж, 2016 оноос хойш үнэ төлбөргүйгээр манай газрын маргаан дээр ажилласан. Ингээд бид 2022 онд газрын 5 маргаанаа амжилттай шийдвэрлүүлэн, 2 га кадастрын зураг, газрын гэрчилгээтэй болсон. Энэ ташрамд тус байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлье. Олны буянаар музей маань сайхан болж байна аа.

                                                                                                                                                                    Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ