СЭЛЭНГЭ: Сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчноо сайжруулжээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-03 22:41:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд Дэлхийн багш нарын өдөртэй хамт тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан байдаг.

 

Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт 2020-2022 онд улс, аймаг орон нутгийн төсвөөс 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Өнөөдөр тус аймагт нийт 1800 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид боловсролын салбарт ажиллаж байна.

 

2022 он боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, цаг хугацаа орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн "Цахим шилжилт"-ийн жил байж, багш, сурагчийн ажиллах, сурах таатай боломжийг бүрдүүлж, сургалтын чанарт ахиц гарахад нөлөөлсөн жил байлаа гэдгийг аймгийн удирдлагын зүгээс баярын энэ өдөр онцолж байв.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” үйл ажиллагааг баталсан байдаг. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд ЕБС, цэцэрлэг, МСҮТ-үүдэд сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийж чаджээ.

 

Энэхүү “Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” үйл ажиллагааны хүрээнд 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр зорьсон байна. Үүнээс 2021 онд улсын төсвөөр 30 сургуульд биологийн хичээлийн 82 төрлийн 436.6 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр. Сургууль, цэцэрлэгийн гал тогоог 488,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчноо сайжруулжээ.  

 

Холбоотой мэдээ