СЭЛЭНГЭ: БНБУ-ын боловсролын байгууллагын төлөөлөгчид албан айлчлал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-05 20:09:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн хүрээнд салбар бүрд олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээрээс өргөн цар хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа салбар бол боловсролын салбар. Тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, багш, сурагч солилцоо, харилцан туршлага судалж дадлагажих зэрэг олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

 

Дээрх хөтөлбөрийг эдийн засагжуулах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын БНБУ-ын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой 2 удаагийн хэлэлцээр хийж, боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцоод байгаа аж.    

 

Энэ удаа ОХУ-ын БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг орлон гүйцэтгэгч Поздняков Валерий Анатольеивич тэргүүтэй боловсролын байгууллагын төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан айлчлал хийв.


Айлчлалын хүрээнд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн удирдлагууд, 17 сум, 6 тосгоны сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, мэргэжлийн боловсрол олгох гурван сургуулийн удирдлагууд, мөн тэнд суралцаж буй 15-35 насны залуучуудын төлөөлөл оролцсон.  

 

Сэлэнгэ аймгийн зүгээс аймагтаа хүүхэд, залуучуудын орос хэл сурах идэвхийг өрнүүлж Буриад улсад сурах хүсэлтэй оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх, орос хэлний багш нарыг бэлтгэх, дадлагажуулах, туршлага судлах. Мөн багш, сурагчдын зуны сургалт, хүүхдийн зусланд хүүхдүүдээ амраах, хилийн ойр бүс нутагт сурах хүсэлтэй хүүхдүүдийн нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх чиглэлээр хамтран ажиллаж, томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

 

Зочдын зүгээс ОХУ-ын БНБУ-ын Багшийн коллежид хэрхэн суралцах мэдээллийг өгсөн. Тус сургууль нь инновацын боловсролын байгууллага бөгөөд өнөөдөр 6  чиглэлийн сургалтыг явуулдаг байна. Тодруулбал:

 

-сургуулийн өмнөх боловсрол,

-бага ангийн багшийн боловсрол,

-биеийн тамирын боловсрол,

-хөгжмийн боловсрол,

-дүрслэх урлаг, шугам зураг,

-бүжиг дэглэлтийн чиглэлээр нэмэлт боловсролын хөтөлбөртэй аж.

 

Тус коллежид 2015 оноос хойш Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 50 гаруй хүүхэд суралцаж байгаа гэв. Тэд хөгжмийн, дүрслэх урлаг, сургулийн өмнөх боловсрол, биеийн тамирын чиглэлээр суралцаж байгаа аж.

 

Төлөөлөгчид Сэлэнгэ аймагт айлчлахдаа Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцав.  



Холбоотой мэдээ