ХОВД: Цэргийн алба хаах залуусын тоо өмнөх жилүүдээс буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-12 12:46:47

Ховд /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Засгийн газрын тогтоол, Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэрэг татлага үргэлжилж байна.


Тухайлбал, Жаргалант сумын 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татах ажиллагааг 10 дугаар сарын 12-15-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ дээр зохион байгуулж буй.   


Цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.  Тиймээс цэрэг татлага зохион байгуулж буй дээрх хугацаанд иргэдийг бүртгэл, эмчийн үзлэгт хамрагдахыг Цэргийн штабаас зөвлөлөө.

Цэргийн штабын дарга, хурандаа  Б.Ганхуягийн хэлснээр Ховд аймгийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 3-нд эхэлсэн. Одоогоор цэргийн албанд тэнцэж, алба хаах залуусын тоо өмнөх жилүүдээс буурсан, идэвх муу байна.   


Цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх нь энэ цаг үед хамгийн чухал. 
Иймээс  улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг  хангах зорилтын дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байгаа тул залуус улам идэвхтэй хамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй хэмээв.  

 

 

Холбоотой мэдээ