ХОВД: ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эмч нар орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-17 16:27:20

Ховд /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн  Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна.


Эрүү, нүүрний мэс заслын тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай орон нутгийн иргэдэд 2022 оны 10 дугаар сарын 14-21-ний өдөр үзлэг, оношилгоо, мэс засал хийж байгаа юм.


Одоогийн байдлаар эрүү, нүүрний эмгэг, төрөлхийн гажиг, өвчлөлтэй Ховд аймгийн 20 иргэнд үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд 8 төрлийн мэс засал үнэгүй хийжээ.   


Тус эмч, мэргэжилтнүүдийн багийн ахлагчаар  ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч Г.Аянга ажиллаж байна.


Тэрбээр хэлэхдээ:
Манай багийнхан уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийг цогц оношлох, эмчлэх, мэс заслын шинэ арга технологийг нэвтрүүлж, Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртсэн.  Нүүр, амны төрөлхийн гаж хөгжил олон хэлбэрээр тохиолддог. Үүн дотор хамгийн элбэг нь уруул тагнайн сэтэрхий.  Уг эмгэгийн тохиолдлын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Уруул, тагнайн сэтэрхийн гаж хөгжлийг зайлшгүй эмчлэх шаардлагатай байдаг.  

Уруул тагнайн сэтэрхийн эмчилгээ сайн хөгжөөгүй, эсвэл эмч, мэргэжилтэн дутагдалтай газруудад хүмүүнлэгийн ажил хийдэг. Бид өдгөө 25 дахь жилдээ орон нутагт ажиллаж, эрүү нүүрний мэс заслын хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байгаа нь энэ юм. 
Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгийн цогц эмчилгээ болон эрүү, нүүрний гажиг заслын бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагт үзүүлснээр Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх боломжгүй иргэд санхүү, цаг хугацаагаа хэмнэн тэгш, хүртээмжтэй үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Орон нутгийн иргэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв буюу Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, манай эмч нарт үзүүлэх, оношлуулах, эмчлүүлэх боломж нээлттэй" гэв.     

Холбоотой мэдээ