ДУНДГОВЬ: Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд соёлын шинэ бүтээгдэхүүн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-18 11:11:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жуулчдын тоог өсгөж, аялах хоногийн тоог нэмэгдүүлэх, жуулчдыг угтсан олон талт үйл ажиллагааны төлөвлөлтөд санал авах уулзалтыг “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-д зохион байгуулав.


Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, БОАЖГ-ын дарга Н.Гантулга, аймгийн Аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудын удирдлагууд оролцож, аялал жуулчлалыг хагжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. 


Дундговь аймаг өнгөрсөн 3 дугаар сард "Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын форум зохион байгуулж, түүнээс хойш хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан.


Тодруулбал, "Сэтгэшгүй оддын чуулган", "Адууны өв соёлын баяр" зэрэг жуулчдыг татах хэд хэдэн нэгдсэн үйл ажиллагааг зохиож, “Аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулан, “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрийн үйл ажиллагааг тогтмолжуулан, Цагаан суварга” орчмын аялал жуулчлалыг дэмжин отоглох цэг байгуулжээ.  


Цаашид "Дундговь" аялал жуулчлалын бизнес платформ, гар утасны аппликейшн удахгүй ашиглалтад орох ба жуулчдыг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх ажилтнуудыг ажлын байранд сургах, дадлагажуулах чиглэлээр сургалтын хөтөлбөр гаргаж, мэргэжлийн багш нар сургалт хийхээр бэлтгэж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат танилцуулсан байна. 


Энэ үеэр жуулчдын тоог өсгөж, аялах хоногийн тоог нэмэгдүүлэхийн тулд  аймгийн музейг үзүүлэх, жуулчдын сонирхолд нийцсэн уран бүтээлийн тоглолтуудыг бий болгох зэрэг соёлын шинэ бүтээгдэхүүн гаргах талаар ярилцаж, бодлогод тусгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ