Шведийн шинэ Засгийн газрын хамгийн залуу сайд 26 настай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-19 10:03:36

СТОКХОЛМ. /Reuters/. Шведийн шинэ Ерөнхий сайд Ульф Кристерссон барууны төвч үзэлтэй гурван намаас бүрдсэн эвслийн Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг мягмар гарагт танилцууллаа.


Шинэ Засгийн газар 24 сайдаас бүрдэж байгаагийн 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд Аядуу эвслийн намын 13, Христийн ардчилсан намын зургаа, Либераль намын таван төлөөлөгч оржээ. Гадаад хэргийн сайдын албанд Аядуу эвслийн намын Тобиас Бильстрём томилогдсон бол түүний намын гишүүн Поль Йонсон Батлан хамгаалахын сайд болжээ. Эрчим хүчний сайдад Христийн ардчилсан намын дарга Эбба Буш, Сангийн сайдад Аядуу эвслийн намын төлөөлөгч Элизабет Свантессон нар томилогдсон байна.


Уур амьсгал, байгаль орчны яамыг тус улсын түүхэн дэх хамгийн залуу сайд болж байгаа, Либераль намын төлөөлөгч 26 настай Ромина Пурмоктари тэргүүлэхээр болжээ. 


Одоогийн байдлаар дэлхийн хамгийн залуу сайд болж байсан хүн бол Арабын Нэгдсэн Эмирт Улсын залуучуудын асуудал эрхэлсэн сайд Шамма аль Мазруй бөгөөд 2016 онд энэ албан тушаалд томилогдохдоо 23 настай байжээ.


Шведийн парламент 10 дугаар сарын 17-нд Аядуу эвслийн намын дарга Ульф Кристерссоныг шинэ Ерөнхий сайдаар баталсан байна. 


Холбоотой мэдээ