“BTS” хамтлагийн гишүүн Жин анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-19 11:52:34

СӨҮЛ. /Korea Times/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жин 10 дугаар сарын 28-ны өдөр “The Astronaut” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргахаар болжээ.


Ингэснээр Жин хамтлагийнхаа гишүүдийн дундаас ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан J-Hope-н дараах хоёр дахь гишүүн болно гэж “Big Hit” энтертайнмент мэдээлсэн байна. J-Hope энэ оны долоодугаар сард “Jack in the Box” нэртэй анхны соло цомгоо гаргасан юм.


“The Astronaut” нь өдгөө 29 настай Жиний хувьд цэргийн алба хаахаасаа өмнө гаргах сүүлийн дуу болох төлөвтэй байна. “BTS” хамтлагийн гишүүд бүгд цэргийн алба хаана гэж “Big Hit” даваа гарагт мэдэгдсэн юм.


БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил орчмын хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг. Харин 2020 онд шинэчлэгдсэн цэргийн албаны тухай хуулийн дагуу 1992 онд төрсөн Жинийг цэрэгт татах хугацааг энэ оныг дуустал хойшлуулахыг зөвшөөрөөд байжээ.


Цэргийн боловсон хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, хэрэв Жин цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах хүсэлтээ энэ сард цуцалбал энэ ондоо багтан цэргийн албанд татагдаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ