ХКН-ын XX их хурал: Үндсэн илтгэлийн үндсэн санаанууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-10-21 07:57:51

Хятадын мэдээллийн Синхуа агентлагийн цахим хуудсан дахь тэргүүн өгүүлэлд “Хятад үндэстний сэргэн мандалтын үзэл санааг илэрхийлсэн “Хятадын шинэчлэл” гэдэг нэр томьёо анх удаагаа ХКН-ын XX их хурлын гол илтгэлд дурдагдсан” болохыг онцлон тэмдэглэжээ.


Хятадын онцлогтой шинэчлэл


ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын их хуралд тавьсан илтгэлдээ, шинэчлэлийн хятад загварыг хэрэгжүүлэх замаар хятад үндэстний аугаа их сэргэн мандалтыг урагшлуулахад хүчин чармайлт гаргахыг уриаллаа.


Хоёр үе шаттай стратегийн төлөвлөгөөний дагуу Хятадын Коммунист нам 2020 оноос 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найртай, гайхамшигт сайхан орчин үеийн социалист Хятад орныг цогцлоон байгуулах зорилтыг дэвшүүлжээ.


Ши Жиньпиний илтгэлд 2035 он хүртэлх хугацаанд Хятад улсыг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн зорилтуудыг тодорхойлон заасан бөгөөд эдгээр нь: нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг дундаж хөгжилтэй улсуудын түвшинд хүргэх, улс орны “зөөлөн хүч”-ийг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн хаягдлыг аажмаар бууруулах, үндэсний аюулгүй байдлын тогтолцоог бүх талаар бэхжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.


Хятадын ард түмэн үүнийг хэрэгжүүлж чадна гэдгийг Синхуа агентлаг онцлон тэмдэглээд, Барууны ертөнцийн хэдэн зуун жилийн хугацаанд хийж гүйцэлдүүлсэн зүйлийг дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улс хэдхэн арван жилийн дотор хэрэгжүүлж чадсан гэдгийг сануулан дурдлаа.  


“Хятад улс шинэ аян замд гарлаа, иймээс Хятадын шинэчлэлийн чиглэл, зорилгыг сайтар тодорхойлох цаг нэгэнт иржээ, ингэж тодорхойлсноор Хятадын ард түмэн чиглэсэн зорилгодоо хүрэхийн тулд нэгдэн нягтарч чадна” гэж ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын сургуулийн профессор Чэн Шугуан тэмдэглэн хэллээ.


Шинэчлэл рүү тэмүүлсэн Хятад улсын бодлого олон улсын анхаарлыг татсаар байгаагийн учир нь, сүүлийн 100 жилд урьд хожид үзэгдээгүй гүнзгий өөрчлөлтүүдийн нөлөөнд автагдсан дэлхий дахин салаа замын уулзвар дээр дахин ирээд байна.


Барууны орнуудад явагдсан шинэчлэл нь асар их материаллаг баялгийг бий болгосон боловч түүнийг хэрэгжүүлэхийн тулд түрэмгийлэл, колоничлол, булаан эзлэлт, тэлэлтийн арга замыг сонгосон учраас цаашдаа явцгүй болсон. Ийм арга зам нь олон хүндрэлтэй асуудлыг үүсгэсний дотор баячууд ба ядуучуудын амьдралын түвшний ялгаа улам холдож, нөөц баялгийг шавхан ашиглаж, хүрээлэн буй орчинд хохирол учруулж байгаагаас илэрхий харагдаж байна гэж Синхуа агентлагийн нийтлэлд өгүүлжээ. 


“Хөгжиж буй орнуудын хувьд гэвэл, Хятадын шинэчлэлийн загвар бол өөрсдийн нөөц боломжид түшиглэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цоо шинэ хувилбар юм. Шинэчлэлийг дээрэм тонуул, дайн тулаан, цус урсгах замаар бус энх тайвны замаар хийх боломжтой гэдгийг Хятадын практик туршлага батлан харуулж байна” хэмээн Ши Жинпиний илтгэлийг араб хэл рүү хөрвүүлсэн Суданы шинжээч Яхия Мустафа ярилаа.


Илтгэлд дурдахдаа “ирэх 5 жил бол орчин үеийн шинэчлэгдсэн социалист улсыг бүрэн төгс байгуулах талаар хүчин чармайлт гаргахад шийдвэрлэх он жилүүд байх болно” гэдгийг онцлон дурдсан байна.


Эдийн засгийн хөгжлийн гол хүчийг бодит эдийн засаг руу чиглүүлнэ


Хятадын удирдагчийн илтгэлд дурдсанаар, 10 жилийн өмнө Хятад улсын ДНБ 54 их наяд юань байсан бол өдгөө 114 их наяд юаньд хүрч 2 гаруй дахин нэмэгдсэн бөгөөд Хятадын эдийн засгийн цар хүрээ нь дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзлэх болжээ.


Хятадын удирдлагын зүгээс хувийн хэвшилд илүү бодитой практик дэмжлэг үзүүлэх үү эсвэл илүү социалист чиг баримжаагаар эдийн засгаа цаашид хөгжүүлэх үү гэдэг нь эдийн засагч шинжээчдийн анхаарлыг татаж байлаа. Энэ талаар их хурлын гол илтгэлд дурдахдаа “Хятад улс ...нийтийн өмчийн эдийн засгийг гуйвшгүй бэхжүүлэн хөгжүүлж, нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж удирдана” гэсэн байна. Түүнчлэн “нөөц баялгийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрлэх үүрэг ролийг сайтар гүйцэтгүүлж, засгийн газрын үүргийг илүү сайн хэрэгжүүлнэ” гэжээ.


Мөн гадаадад нээлттэй байдлыг улам өргөжүүлж, худалдааны хүчирхэг орон байгуулах үйл явцыг түргэтгэж, "Бүс ба Зам" санаачилгыг чанаржуулан хөгжүүлнэ гэж дурдсан байна.


Ковидыг үл тэвчих бодлого үргэлжилнэ


Намын их хурлаас “Ковидыг тэглэх” бодлогыг зөөлрүүлж магадгүй, ингэснээр дэлхийн тээвэр логистикийн сүлжээнд үүссэн хүндрэл багасна гэж эдийн засагчид найдаж байлаа.


Ковидыг үл тэвчих хатуу бодлого нь олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан боловч Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулж, ажилгүйдэл газар авахад хүргэснээр хүн амын дунд дургүйцэл бухимдлыг үүсгэсэн билээ. Харин Ши Жиньпиний илтгэлд “Тэг ковид” бодлогын үр дүнг сайшаасан ба цаашид уг бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвтэй байгаа нь анзаарагдлаа.


Тэрбээр хэлэхдээ “Ковид-19-ийн гэнэтийн аюулын эсрэг бид хариу арга хэмжээ авахдаа хүмүүсийн амь насыг эн тэргүүнд тавьж, коронавирусний тархалтыг тэглэх бодлогыг баримталж ирсэн. Ингэснээр ард иргэдээ хамгийн боломжит өндөр түвшинд хамгаалж чадсан бөгөөд цар тахалтай тэмцэх тал дээр маш өндөр амжилтанд хүрлээ” гэснийг ажиглагчид ковидыг үл тэвчих бодлого үргэлжлэх нь хэмээн дүгнэжээ. ОУВС-гийн таамаглаж байгаагаар, коронавирусний эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд 2023 оны эхний хагас жилийн турш үргэлжлэх бололтой. Тус сангийн зүгээс Хятадын удирдлагад хандаж, ковидын эсрэг хатуу бодлого нь дэлхийн эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа тул бодлогоо эргэн харахыг зөвлөж байсан юм.


Хятад улсад ковидын эсрэг хориг хязгаарлалтуудыг сулруулахгүй хэвээр байгаагийн хэд хэдэн учир шалтгааныг "Файнэншл Таймс" сонинд дурджээ.


Юуны түрүүнд, тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд хэд хэдэн дутагдал оршиж байна. 2020 онд дэгдсэн ковидын эхний давалгааг Хятадын эмнэлгүүд, эмч нар асар хүчин чармайлт гаргаж арайхийн давж гарчээ. Тус улсад 10 мянган хүнд ногдох эмчийн тоо 20 байгаа нь бусад улстай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Мөн эмнэлгийн орны тоо хангалттай боловч эрчимт эмчилгээний орны тоо цөөн байгаа аж.


Нөгөөтэйгүүр, хүн амын дотор өндөр настнуудын эзлэх хувь өндөр бөгөөд тэд коронавирусний халдварт хүндээр өртөж байгаа учраас ковидын хязгаарлалтыг ойрын үед зөөлрүүлэх, цуцлах гэж яарахгүй байна.


Энэ мэт объектив шалтгаанаас гадна  “Тэг ковид”-ыг цуцлахгүй байх улс төрийн сэдэл бий бололтой. Ши Жиньпиний хувьд, тэрбээр ирэх онд БНХАУ-ын даргаар сонгогдох нь тодорхой болсон учраас тэр хүртэл улс орны нөхцөл байдал тогтвортой байх нь нэн чухал, үүнд хөл хорионы дэглэм тус болно гэж Файнэншл Таймс сонинд дүгнэн бичжээ. Нөгөө талаас, нэг намын тогтолцоотой улс оронд цар тахалтай илүү үр дүнтэй тэмцэж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулах гэсэн зорилго байж магадгүй юм. 


Тайванийн асуудал


Тайвань бол БНХАУ-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг бараг дэлхий даяараа /арлын цөөн хэдэн улсыг эс тооцвол/ хүлээн зөвшөөрдөг. Харин Тайвань арал эх газрын Хятадын бүрэлдэхүүнд тайван замаар эргэж орох уу гэдэг асуудал сүүлийн жилүүдэд нэлээд бүрхэг болж байна. Ялангуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Н.Пелози Тайваньд айлчилснаас хойш арлыг тойрсон асуудал нэн хурцадсан билээ.


Хятадын удирдагч Ши Жиньпин намын их хуралд тавьсан илтгэлд Тайванийн асуудлыг хөндөхдөө “Бид улс орноо тайван замаар бүрэн нэгтгэхийн төлөө үнэн сэтгэлээсээ, бүх хүчээрээ чармайх болно. Гэхдээ Тайванийг тусгаар тогтнуулахыг санаархаж буй тун цөөн тооны салан тусгаарлагчид ба гадны хүчнүүдийн хөндлөнгийн оролцооны эсрэг хүч хэрэглэхээс татгалзана гэж хэзээ ч амлаж чадахгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэсэн нь Хятад улсын байр суурийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн хэрэг байлаа. Гэхдээ ийм арга хэмжээ нь Тайванийн ихэнх иргэдийн эсрэг чиглэхгүй гэдгийг Ши Жинпинь онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын зэвсэгт хүчинд хийж буй шинэчлэлийг тууштай үргэлжлүүлснээр 2027 онд Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тэр үед тус армийг дэлхийн түвшний арми болгосон байх зорилтыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.


Дэлхий даяар үйлдвэрлэж буй хагас дамжуулагч чипний тал хувийг нийлүүлдэг Тайвань нь АНУ, Япон ба барууны бусад орнуудын дэмжлэгээр технологийн  өндөр хөгжилд хүрсэн билээ. Мөн тус арал газар зүйн байрлалын хувьд стратегийн чухал бүсэд оршдог учраас барууныхны хувьд “өдий зэрэгт хүргэсэн” арлаа зүгээр харж байгаад эх газрын Хятадад өгөхийг мэдээж хүсэхгүй. Барууныхан хэдийгээр “Нэг Хятад”-ын бодлогыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг боловч АНУ-д гэхэд “Тайваньтай харилцах тухай хууль” гэдгийг баталж, гадны аюул заналхийлсэн тохиолдолд Тайваньд цэргийн тусламж үзүүлнэ гэж заасан байдаг ажээ. 


Авлигын эсрэг тэмцэл зогсохгүй 


Намын их хурлын гол илтгэлд дурдахдаа, авлига бол намын эрч хүч, дайчин чадварт заналхийлж буй хамгийн том хорт хавдар гэж тодорхойлоод “нам өөрөө шинэчлэгдэх” хамгийн үр дүнтэй арга бол хээл хахуультай тэмцэх явдал мөн гэдгийг чухалчилжээ. Авлига үүсэх орчин нөхцөл байгаа цагт түүнтэй хийх тэмцлийг хором ч зогсоож болохгүй, харин хэзээд авлига авч зүрхлэхгүй, авахгүй, хүсэхгүй байх ёс зүйг төлөвшүүлж, авлигатай үргэлжлүүлэн хатуу тэмцэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 онд болсон ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улсад авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил өрнөсөн билээ. Өнгөрсөн хугацаанд “бар” буюу авлигад холбогдсон өндөр дээд албан тушаалтнууд, “ялаа” буюу доод шатны авлигач түшмэдийг илрүүлэн шийтгэх ажиллагаа тасралтгүй явагдаж  нийт 4,7 сая хүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгасан байна.



Холбоотой мэдээ