ДЭЛХИЙН УЛС ТӨР: Лула да Силва эргэн ирлээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-11-02 09:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн ням гарагт болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын дүнгээр  зүүний хүчний удирдагч Лула да Силва одоогийн Ерөнхийлөгч,  “Бразилын Трамп” гэгддэг Жаир Болсонаруг 1,7 хувийн саналын илүүгээр яллаа. 1,7 хувь гэдэг нь ялимгүй зөрүү мэт харагдах боловч 214 сая хүн амтай Бразилын хувьд 2 сая сонгогч юм.


Эхний шатны санал хураалт 10 дугаар сарын 3-нд болж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал чадаагүй бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, Социал-либерал намын дарга Ж.Болсонару, Хөдөлмөрчдийн социалист намын дарга Луис Инасиу Лула да Силва нар хоёрдахь шатны санал хураалтанд өрсөлдөхөөр үлдсэн юм.


Ялалт байгуулсныхаа дараа Лула да Силва хэлэхдээ “Маш хүнд байдалд орсон улс орныхоо удирдлагыг гартаа авахад би бэлэн байна. Бурхны дэмжлэгээр, хүмүүсийн туслалцаатайгаар улс орон маань дахин ардчилсан зарчмын дагуу, эв найртайгаар оршин амьдрах боломжийг бид хангаж чадна, надад саналаа өгсөн болон өгөөгүй бүх хүмүүсийг төлөөлөн ажиллах болно” гэжээ.


2003-2010 оны хооронд Бразилын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан, мөн авлигын хэрэгт холбогдон шоронд хоригдож, сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулж байсан Лула да Силва улс төрд эргэн ирсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден да Силвад хандан “чөлөөт, шударга бөгөөд итгэл найдварыг бататгасан сонгуульд ялалт байгуулсанд” нь баяр хүргэв.


Шинжээчдийн ярьж байгаагаар, Орос, АНУ-ын аль аль нь Лула да Силва ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд “сэтгэл хангалуун” байгаа бололтой. Учир нь, Америкийн эрх баригчид Болсонаруг өмнөх ерөнхийлөгч Д.Трамптай адилтган үзэж, түүнд дурамжхан ханддаг байлаа. Түүнчлэн Украины асуудлаар төвийг сахисан байр суурь баримтлах нь тодорхой байгаа Лулад Оросын тал талархалтай хандах нь зүйн хэрэг.   


Цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн дунд сэтгэл дундуур байдал газар авч буй энэ үед Латин Америкийн орнуудад зүүний хүчнийхэн засгийн эрхэнд гарсаар байна. Аргентин, Чили, Колумб улсуудад зүүний намууд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Иймээс да Силвагийн ялалтыг Латин Америк орнуудад талархан дэмжиж байна. Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес твиттер хуудсандаа бичихдээ “Латин Америкийн түүхэнд шинэ эрин үе эхэллээ” гэж онцолсон байна.


Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе нийгмийн сүлжээгээр дамжуулан баяр хүргэхдээ “Чиний ялалт ардчилал болон Латин Америкийн интеграцийн үйл явцыг бэхжүүлж байна” гэжээ.


Зүүнийхэн эргэн ирсэн нь


Өдгөө 77 настай Лулагийн туулсан замнал Бразилын улс төрийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд тэрбээр улстөрчийн багагүй ээдрээтэй замыг туулсан хүн юм.


1970-80-аад оны үед төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж, цэргийн дарангуйллын он жилүүдэд нийтийг хамарсан ажил хаялтыг зохион байгуулж байсан нь түүний хувьд улс төрийн замналынх нь эхлэл байлаа. 1980 оноос эрх баригч дэглэмийн хатуу гар зөөлрөх үед Лула Ажилчны намыг үндэслэн байгуулав. 5 жилийн дараа ардчилсан тогтолцоо сэргэснээр тус намын нэр дэвшигчид 9 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас 4-т нь ялжээ.


Лула 2003-2010 онд хоёр удаа төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан тэр үед дэлхий даяар түүхий эдийн үнэ ханш огцом өссөнөөр Бразил улс багагүй мөнгө хуримтлуулж чадсан бөгөөд үүний ачаар олон сая бразилчууд ядуурлаас гарсан байна. Дэлхийн банкны тайланд дурдсанаар, дээрх хугацаанд ядуурлын түвшин 41,7 хувиас 24 хувь болтлоо буурч, ДНБ-ний жил тутмын дундаж өсөлт 3,8 хувьд хүрч, ажилгүйчүүдийн эзлэх хувь 10 хувиас 7,3 хувь болж буурч байв.


Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама хэлэхдээ “Дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй улстөрч” гэж Лулаг үнэлж байв. Ерөнхийлөгчийн албыг шилжүүлэн өгөх үед түүний нэр хүндийн чансаа 85 хувиас дээш байсан гэдэг.


Гэтэл үүний дараахан “Авто угаалга” гэдэг ажиллагаа явагдаж, төр засгийн дээд хүрээнд газар авсан авлигын хэргийг мөрдөн шалгаснаар асар том дуулиан дэгдэв. Олон арван улстөрчид, Бразил болон Латин Америкийн бусад орнууд дахь олон үйлдвэрүүдийн захирлууд дуулиант хэрэгт холбогдлоо. 


Мөрдөн шалгалт Лулаг ч тойрсонгүй, тэрбээр тэнгисийн эрэгт 1 сая гаруй долларын үнэтэй орон сууцыг хахуульд авсан хэргээр хорих ял сонсож, жил хагасын хугацаанд шоронд суужээ.


Лулагийн амлалтууд


Харин 2019 оны 11 дүгээр сард Дээд шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Лулаг суллах шийдвэр гаргажээ. Удалгүй түүнийг буруутгаж байсан эрүүгийн хуулийн бүх зүйл ангиудыг хүчингүй болгосноор Лула сонгуулийн кампанит ажилдаа идэвхийлэн оролцож эхэллээ. Шоронгоо суллагдсан даруйдаа тэрбээр хэлэхдээ “тэд хувь хүнийг шоронд суулгаагүй, тэд үзэл санааг булшлах гэж оролдсон. Гэвч үзэл санааг устгах боломжгүй гэдэг нь харагдлаа” гэж байв.


Болсонаругийн үед 4 жил үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг халж, тогтвортой байдлыг сэргээнэ гэж Лула сонгогчиддоо амлажээ. Мөн өлсгөлөн болон орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдгээ илэрхийлсэн байна. Баячуудад ногдуулж буй татварыг өсгөж, цалин хөлсний доод хэмжээ ба нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлснээр олон сая хүнийг ядуурлаас гаргах боломжтой гэж Лула үздэг.


Түүнчлэн байгаль орчныг хамгаалах бодлогыг эн тэргүүний  чиглэл болгож, ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа болон Болсонаругийн үед Амазоны ойг их хэмжээгээр огтолж байсныг таслан зогсооно гэж амлажээ. Харин төр засагт үүрлэсэн авлигын сүлжээг устгах тал дээр төдийлөн хүчин чармайлт гаргаагүй хэмээн олон хүн Лулаг шүүмжилдэг.


Трампын мөрөөр замнасан Болсонару 


Саналын хуудсуудыг тоолсны дараа “Бразилын Трамп” ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тэрбээр Трампын жишээгээр эмх замбараагүй байдал дэгдээж болзошгүй  гэж Бразил даяар түгшин болгоомжилж эхэллээ.


Хэвлэлийнхний нэрлэснээр “халуун орны Трамп” гэгдэх болсон Болсонару өөрийн шүтээнийг дууриан “сонгуулийн дүнг луйвардсан” хэмээн зарга үүсгэж мэдэхээр байв.  Олон нийтийн санаа бодлыг судалдаг Datafolha хүрээлэнгээс 7 дугаар сард хийсэн тандалтын дүнгээр, Болсонару төрийн эргэлт хийж болзошгүй гэж бразилчуудын 37 хувь нь үзэж байсан гэнэ. Тэрбээр армийн офицер хүн бөгөөд түүний шууд удирдлага дор болон засгийн газарт албан тушаал хашиж буй цэргийнхэн олон бий.

Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Бразилын сонгуулийн тогтолцоог шүүмжилж байсан төдийгүй ерөнхийлөгч болсоныхоо дараа ч гэсэн ийм байр суурьтай байсан нь хачирхалтайСонгуулийн комиссын ажилтнууд саналын хуудсуудыг нууцаар тоолдог учраас сонгуулийн дүнг луйвардах магадлалтай гэж тэрбээр мэдэгдсээр байв.


Харин бие даасан шинжээчид, Бразилын сонгуулийн хороо ба гадаадын ажиглагчдын үзэж байгаагаар, 1996 оноос хойш Бразилд санал тоолох автомат машиныг хэрэглэх болсноор луйврын ямар ч тохиолдол илрээгүй аж. Гэсэн ч Болсонаругийн сөрөг ухуулгад автсан олон сая бразил иргэд санал тоолох автомат машинд итгэхгүй хэвээр байна.


Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, сонгууль дууссанаас хойш хоёр хоногийн дараа буюу мягмар гарагт Болсонару олон нийтийн өмнө гарч үг хэлэхдээ, сонгуулийн дүнтэй холбоотой гомдол зарга үүсгэхгүй гэдгээ мэдэгдээд “засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явцыг эхлүүлэх” үүргийг өгчээ.   


Санал хураалтын өмнө түүний хэлж байсан шүүмжлэл, ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүйгээр бүхэл бүтэн хоёр хоног таг чиг болсон зэрэг нь Бразилын нийгэмд эргэлзээ түгшүүр төрүүлээд байсан билээ. Тухайлбал, Болсонаруг дэмждэг ачааны тэрэгний жолооч нар улс орон даяар авто замуудыг хааж эхлээд байв. Харин тэрбээр дээрх мэдэгдлийг хийснээр тус улсад иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарахаас зайлсхийж чадлаа.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ