COP27: Амлалтаа биелүүлж, тайлангаа тавих цаг
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Парисын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 7 жилийн дараа COP27
/27th Conference of the Parties/ буюу уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь
Конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулган Египет
улсын Шарм-эль-Шейх хотноо ням гарагт эхлэх гэж байна.
СОP бол уг Конвенцийн
заалтуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шинэ дүрэм журмуудыг боловсруулах,
оролцогч талуудын хүлээсэн үүргийг хэлэлцэх зорилгоор жил бүр хуралддаг чуулган
юм.
Парисын хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг
сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг
аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, улмаар
1,5 хэмд барьж хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой баримт бичиг билээ. Үүний дагуу дэлхий даяар 2030 он гэхэд
хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээгээр бууруулж, 2050 он гэхэд ялгарлыг 0
болгох ёстой.
Хэлэлцэх 4 гол асуудал
Уур амьсгалын асуудлаарх өмнөх бүх чуулган 3 үндсэн форматаар
явагдаж ирсэн. Үүнд, эхнийх нь тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчдийн
оролцоотой албан ёсны хэлэлцээ, 2 дахь нь-өндөр дээд албан тушаалтнуудын
уулзалт ба мэдэгдлүүд, 3 дахь нь-банкууд, бизнесийн холбоод, том компаниуд ба
олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон албан ёсны бус арга хэмжээ юм.
Үүний зэрэгцээ хэлэлцээ хийх талаар
мэргэшсэн шинжээчид
хаалттай хэлбэрээр тусдаа хуралддаг бол улстөрчид чуулганы эхний 2-3 өдрийн эсвэл
сүүлчийн өдрийн хуралдаанд оролцдог нь уламжлал болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, COP27 чуулга уулзалтын явцад
дараах үндсэн 4 асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
1.Дэлхийн дулаарлын улмаас учирч буй хохирлыг нөхөн төлөх
Дулаарлын улмаас хөгжиж буй орнууд ялангуяа арлын улсууд
багагүй хохирол амсаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ цаашид улам өсөх
төлөвтэй байна. Эл асуудлыг албан ёсны баримт бичгүүдэд “Loss and Damage” гэж нэрлэдэг. COP27-ийн үеэр болох мэтгэлцээний чухал сэдэв бол гарз хохирлыг бууруулах асуудлыг уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүдээс тусад нь санхүүжүүлэх тухай асуудал
болой.
Өнгөрсөн онд Глазгод болсон
хурлын үеэр өндөр хөгжилтэй улсуудын төлөөлөгчид батлан хэлэхдээ, хохирлыг нөхөн
төлөх асуудлыг одоо ажиллаж буй санхүүгийн механизмуудаар дамжуулан шийдвэрлэх
боломжтой гэж байв. Тухайлбал, дулааралд дасан зохицоход санхүүгийн тусламж
үзүүлэх зорилготой НҮБ-ын дэргэдэх Green Climate Fund сан, уур амьсгалын өөрчлөлтийн
эрсдэлүүдээс буурай орнуудыг хамгаалах зорилгоор G7-ийн орнуудын санаачилсан Global Shield төсөл зэргийг
нэрлэж болно. Иймээс эдгээр бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй, шинээр байгуулах
шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Гэтэл Дэлхийн нөөцийн судалгааны
хүрээлэнгийн /WRI/
шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх сангууд нь дулаарлаас шууд учрах хохирлыг ч нөхөх чадамжгүй учраас нөхөн төлбөрийн асуудлыг тусад хэлэлцэх нь зүйтэй ажээ.
2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах төслүүдийг дэмжих
Дэлхийн дулаарал нь эмзэг улс орнуудыг уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг
үзүүлэх арга хэмжээг өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг харуулж байна. Тухайлбал, гал түймрээс
хамгаалах дэд бүтцийг хөгжүүлэх, халуунд тэсвэртэй таримал ургамлуудыг бий
болгох, эрэг орчмын хотуудын ус зайлуулах системийг сайжруулахад чиглэсэн
төслүүдийг нэрлэж болно.
Гэтэл эдгээрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт маш их дутагдаж байна. Өнөөдрийн байдлаар уур амьсгалтын өөрчлөлттэй тэмцэхэд төсөвлөсөн
хөрөнгийн ихэнх нь
хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад зарцуулагдаж байгаа бол дасан зохицолтонд ердөө
4-8-хан хувь ногдож байх
жишээтэй.
Өнгөрсөн онд Глазгод болсон саммитын үеэр өндөр хөгжилтэй орнууд “2025 он гэхэд дасан зохицолтын төслүүдэд оруулах хөрөнгийн хэмжээг жилд 40 тэрбум доллар /2019 оныхоос 2 дахин их/ болгож нэмэгдүүлнэ” гэж амласан юм. Тэгэхээр Шарм-эль-Шейхийн хурлын үеэр хөгжиж буй орнууд уг хөрөнгийг хуваарилах, зарцуулах үйл явцыг хянах асуудлыг хөндөн тавьж магадгүй.
3.Амласан 100 тэрбум долларыг хэрэгцээтэй байгаа улсуудад
олгох
2009 онд Копенгагенд болсон ээлжит СОP-ын үеэр баян чинээлэг
орнуудын зүгээс “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг болгон хөгжиж
буй улсуудад жил бүр олгох мөнгөний
хэмжээг 100 тэрбум долларт хүргэж нэмэгдүүлнэ” гэж амласан боловч уг
амлалт өнөөг хүртэл
хэрэгжихгүй байна. Энэ удаагийн саммитын өмнө Герман, Канадын тал Уур амьсгалын
санхүүжилтын төлөвлөгөөг танилцуулах ёстой.
Өөр нэгэн маргаантай асуудал байгаа нь буцалтгүй мөнгөн тусламжийн ба зээлийн харьцаа /1:3/
юм. Эмзэг орнуудад буцалтгүй тусламж шаардлагатай байгаа ч олон улсын хөгжлийн банкууд татаас, зээл хоёрыг хослуулан
олгож байгаа нь хүндрэл учруулж байна.
4.Хаягдлыг бууруулахад чиглэсэн үндэсний стратеги
төлөвлөгөөний үр дүнг нэгтгэн дүгнэх
Парисын хэлэлцээрийн дагуу хаягдалтай тэмцэх үндэсний
стратегийн төлөвлөгөөний /NDC/ хэрэгжилтийг оролцогч улс орон бүр 5 жил тутамд нэгтгэн дүгнэж, үр
дүнгийн тайлангаа НҮБ-д ирүүлж байх ёстой.
Өнгөрсөн онд Глазгод болсон COP26 чуулганы үеэр талууд тайлан
болон үндэсний шинэчилсэн төлөвлөгөөгөө 2022 онд НҮБ-д ирүүлэхээр тохиролцсон боловч
өнөөдрийн байдлаар 193 улсаас дөнгөж 23 нь тохиролцсоноо биелүүлээд
байна. Тэгээд ч энэ
удаагийн чуулганаар NDC-ийн
дагуу авсан үүрэг амлалтын тухай сэдэв хоёрдугаарт тавигдаж, дасан зохицолтын үйл явцыг санхүүжүүлэх асуудлыг
түлхүү хэлэлцэх болов уу хэмээн шинжээчид таамаглаж байна.
Хэн оролцож, хэн оролцохгүй вэ?
“Хүмүүс ба гараг дэлхийн тусын тулд” /Delivering for people
and the planet/ гэсэн уриан дор явагдах COP27 чуулга уулзалтанд 90 орчим улсын
төр засгийн тэргүүн нар, НҮБ-ын Суурь Конвенцид нэгдсэн 197 улсын төлөөлөгчид Шарм-эль-Шейх хотноо хүрэлцэн ирнэ.
Нийтдээ төр засгийн, иргэний нийгмийн байгууллагууд ба томоохон компаниудыг төлөөлсөн 35
мянган хүн COP27-д оролцоно гэж зохион байгуулагчид тооцоолжээ.
Аж үйлдвэр өндөр хөгжсөн “Их20”-ийн гишүүн улсууд хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулж байгаа учраас СОР-ийн чуулганд өндөр түвшинд оролцох ёстой гэж олон нийт үздэг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден чуулганд оролцоно гэдгээ мэдэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт бол Конгрессын завсрын сонгуулиас илүү чухал асуудал гэдгийг харууллаа. Мөн тусгай элч Жон Керри салбар хуралдаануудад оролцохоор болжээ. Түүнчлэн хэсэг хугацаанд тээнэгэлзсний эцэст Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак COP27 чуулганд оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Хэдхэн өдрийн өмнө засгийн газрын тэргүүнээр томилогдсон тэрбээр “улс орны дотоодод хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрч ажиллана” гэж байсан юм.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч, Германы Канцлер
болон Италийн шинээр томилогдсон Ерөнхий сайд нар Египетэд ирэх нь тодорхой боллоо. Улс орнуудын
удирдагчид чуулганы нээлт ба хаалтын
ажиллагаанд оролцоод нутаг буцдаг бол НҮБ болон бусад улс орнуудтай хийх
хэлэлцээг мэргэжлийн хүмүүс хариуцдаг байна.
Францын Ерөнхийлөгч Э.Макроны хувьд, Сенегалын Ерөнхийлөгч ба Данийн
Ерөнхий сайд нартай хамтран үндсэн хуралдааныг даргалж, энэ удаагийн СОP-ын гол сэдвүүдийн
нэг болох “уур амьсгалын өөрчлөлтөд Африк тив хэрхэн дасан зохицох” тухай
асуудлыг хэлэлцэнэ.
Өмнөх хуралд оролцоогүй Хятадын удирдагч Ши Жиньпин энэ удаагийнхад ч мөн оролцохгүй бол Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Египетэд ирж магадгүй байна.
Энэ удаагийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор төлөвлөж байна. Тэрбээр Глазго хотод болсон өмнөх COP26 бага хуралд оролцсон билээ.
Амазоны ойг хамгаалахын төлөө тэмцдэг Бразилын шинэ ерөнхийлөгч Лула да Силва энэ удаад Шарм-эль-Шейхэд ирэхгүй бөгөөд төлөөлөгчдөө илгээх бололтой.
Австралийн Ерөнхий А.Албаниз COP27-д оролцохгүй бөгөөд Уур амьсгалын өөрчлөлт ба Эрчим
хүчний асуудал эрхэлсэн сайд К.Бауэн Австралийн төлөөлөгчдийг тэргүүлэх
ажээ.
Түүнчлэн байгаль хамгаалах хөдөлгөөний
идэвхтэн, швед охин Грета Тунберг COP27 чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд “энэ
удаагийн арга хэмжээ бол засгийн эрхийг барьж буй хүмүүсийн зүгээс уур
амьсгалын асуудлаар худал хуурмаг, луйврын шинжтэй гринвошинг хийж буй үйлдэл”
гэж шүүмжилжээ.
Гринвошинг гэдэг нь компаниудын зүгээс экологид ээлтэй гэсэн өөрсдийн
имижийг бүрдүүлэхийн тулд
мөнгө зарцуулдаг маркетингийн арга бөгөөд бодит байдал дээр тухай
компаниуд байгаль орчинд
үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр юу ч хийхгүй байгааг хэлдэг ажээ. Нөгөөтэйгүүр, Египетэд олон нийтийн жагсаал цуглаан хийх
боломж үгүй учраас Грета ийм шийдвэр гаргахад хүрсэн бололтой.
Ташрамд сонирхуулахад, хэдхэн
өдрийн өмнө байгаль
хамгаалах хөдөлгөөний идэвхтэн, усанд сэлэлтийн тамирчин, 52 настай Льюис Пью
Улаан тэнгисийг гатлан сэлж, дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд түүний энэ
үйлдэл нь усан дорх шүрэн арлууд устаж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах
зорилготой байжээ.
Ойрхи Дорнодын анхны эко хот
Улаан тэнгисийн эрэгт, Синайн хойгийн өмнөд үзүүрт орших амралт
сувиллын Шарм-эль-Шейх хотыг “ногоон хот” болгон хувиргах зорилгоор Дэлхийн экологийн сангаас 7 сая доллар
олгожээ. Ингэснээр сүүлийн хэдэн сард экологийн хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлж, нийтийн тээврийн
сүлжээг цахилгаанжуулж, эко зочид буудлуудын сүлжээг өргөжүүлсэн байна.
Тус хотын бүх зочид буудал эко стандартуудыг нэвтрүүлж, “ногоон сертификат”-тай болжээ. Ингэснээр
эрчим хүч ба усны хэрэглээг 30 хувиар бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг
нэмэгдүүлж, хог хаягдлыг багасгаж чадсан бөгөөд ажилтнуудаа хэмнэлттэй ажиллахад сургасан байна. Мөн хуралд
оролцогчдод үйлчлэхэд зориулан Египетэд үйлдвэрлэсэн 110 ширхэг цахилгаан автобусыг
шугаманд гаргах ажээ.
Эдгээр болон бусад 31 төслийг хэрэгжүүлснээр Шарм-эль-Шейх
хот Ойрхи Дорнод дахь анхны цэвэр эко хот болно.
Б.Адъяахүү