СҮХБААТАР: Хогийг тусгай зориулалтын техникээр зөөх нөхцөл бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-09 15:53:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 149 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т хог хаягдлын тусгай зориулалтын хоёр техникийг хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн төв доторх хог зөөврийг зориулалтын, стандартын, аюулгүй техникээр зөөх нөхцөл бүрдэж байна.


Өмнө тэвш нь задгай машинаар хогийг зөөдөг байсан бөгөөд энэ нь хог хийсэхээс эхлээд ажилчдад эрсдэлтэй, мөн явах давтамж олон байжээ. Харин энэ хоёр машины тухайд багтаамж сайтай. Задгай машины 2-3 удаа зөөх хогийг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх учир эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй аж.

Энэ бол тус газарт 2018 оноос хойш хийгдэж буй зургаа дахь удаагийн парк шинэчлэл. Яг ийм, тусгай зориулалтын техникийг сүүлийн 10 жилд орон нутагт ашиглаагүй. Хэдий техник хэрэгслийн хувьд хүрэлцээ хангалттай биш ч нэг үеэ бодвол харьцангуй сайжирчээ. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажилчдынхаа хүчин чадалд тулгуурлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хог хаягдлын асуудлыг цэгцлэх ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд ийнхүү томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дорвитой ажлуудыг хэрэгжүүлснээр захаасаа үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч орон нутгийн хэмжээнд хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байгаа гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх ярилаа.

Гагцхүү иргэд ухамсартай байж, хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг, дахин боловсруулах хог хаягдлаа зориулалтын цэгт нь тушааж хэвших нь хамгийн чухал байгааг тэрээр онцоллоо. 

Холбоотой мэдээ