ХОВД: Халзан бүрэгтэйд хийж буй өрөмдлөгийг түр зогсоох шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-14 10:29:22

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Онцгой комисс энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төслийн явц, зарим тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Ховд аймгийн төвөөс 60 км, Мянгад сумаас баруун тийш 20 км зайд орших Газрын ховор элементийн орд бүхий газар буюу Халзан бүрэгтэй ууланд тусгай зөвшөөрөлтэй “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани үйл ажиллагаа явуулж, нэмэлт хайгуулын өрмийн ажил гүйцэтгэж байна.

Халзан бүрэгтэйн газрын ховор элементийг ашиглах зорилгоор явуулж буй үйл ажиллагаа, тухайн газрын ашигт малтмалын лиценз зөвшөөрөлтэй холбоотой аймаг, сум орон нутгийн ард иргэдийн нийтлэг эрх ашигт ноцтой хохирол үзүүлж болзошгүй сөрөг хүчин зүйл, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг нягтлан судалж, шаардлагатай тохиолдолд ашиглалтын лицензийг цуцлуулах тухай асуудлыг нутгийн иргэд хөндөж, сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд тайван жагсаал зохион байгуулжээ.


Одоо цаг агаарын төлөв байдал, бусад хүчин зүйлээс шалтгаалан иргэд эсэргүүцлийн жагсаалаа олон хоног үргэлжлүүлбэл ямар нэгэн эрсдэл үүсэх магадлалтай.


Иймээс аймгийн Онцгой комисс гишүүд Мянгад сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэгч компани, мэргэжлийн ажлын баг бүрэлдэхүүний мэдээлэл, саналд тулгуурлан тодорхой хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Цөмийн энeргийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжаваар ахлуулсан ажлын багийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагаас хийсэн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн өрөмдлөгийн ажлыг  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн "Халзан бүрэгтэй" төслийн өрөмдлөгийн ажлыг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан холбогдох компани үйл ажиллагаа явуулж буй эсэхэд Цагдаагийн байгууллага тогтмол хяналт тавьж ажиллах аж. 

 

 

 

Холбоотой мэдээ