КАТАР-2022: ДАШТ-ий эргэн тойрны сониноос онцолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-22 09:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдээс “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсад очиж сурвалжилж байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэнд хүргэж байна.


"Катар-2022" хоёр дахь өдрийн тэмдэглэл

ДАШТ-ий хоёр дахь өдөр гурван тоглолт явагдлаа. Мэдээж бүгд ТВ-ээр үзэж байгаа тул гол үйл явдал, ганц нэг онцлох баримтыг дурдаж байна.


Англи -Иран 6:2

Ираны үндсэн хаалгач Али Реза Бейранванд тоглолтын 20 дахь минутад өөрийн хамгаалагчтайгаа мөргөлдөж, хамар болон тархиндаа хүнд гэмтэл авсан тул тоглолтын дараа эмнэлэгт хүргэгдэж, цаашид Катарын ногоон талбайд дахин гарахгүй болсон гэнэ.


Энэ тоглолтод хоёр гоол оруулсан Ираны Мехди Тареми ДАШТ-д Ираны хөлбөмбөгчдөөс нэгээс дээш гоол оруулсан анхны тоглогч боллоо.


Англи, Ираны тоглолт ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон нэмэлт минут тоглосон тоглолт болжээ.  Бразилийн шүүгч Клаус эхний хагаст 14, хоёрдугаар хагаст 10 минут нэмсэн юм.


Мөн тус тоглолтын өмнө Ираны хөлбөмбөгчид төрийн дууллаа дуулаагүй төр, засгийнхаа бодлогод дургүйцэж буйгаа илэрхийлсэн гэж Ираны сэтгүүлч хэлжээ.


Холланд-Сенегал 2:0

Холландын дасгалжуулагч Луи Ван Гааль 71 нас, 105 хоногтой ДАШТ-д багаа удирдсанаар бүх цагийн "Өндөр настай" дасгалжуулагчдын жагсаалтад гуравт бичигдэх боллоо. Герман Отто Рехагль 71 нас, 317 хоног, Уругвайн Оскар Таварес 71 нас, 125 хоногтой түүний өмнө нь бичигддэг ажээ.


АНУ-Уэльс 1:1

Америкийн гоолыг "Алтан бөмбөг"-ийн эзэн, Либерийн шигшээ болон Италийн цуут "Милан" багт тоглож явсан, одоогийн Либеригийн Ерөнхийлөгч Жорж Веагийн хүү Тимоти Веа оруулсан. 


Уэльсийн шигшээ 64 жилийн дараа Дэлхийн аваргад гоолдлоо. Энэ гоолыг оруулсан Гарет Бэйл Уэльсийн шигшээдээ хамгийн олон тоглосон Крис Гюнтерийн /109/ рекордыг хуваалцах болов.

Холбоотой мэдээ